Орчны доройтолд анхаарал хандуулахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Орчны доройтолд анхаарал хандуулахыг хүслээ

ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН.

Төрийн ордонд өнгөрөгч бямба гаригт байгаль орчны  салбарын Үндэсний чуулган-зөвлөгөөн боллоо. “Тогтвортой хөгжил: байгаль орчны засаглал” сэдвээр уг чуулган эхэлсэн бөгөөд бодлого боловсруулагч, бодлого хэрэгжүүлэгч, хяналт тавих иргэний нийгмийн төлөөлөл улс орны өнцөг булан бүрээс ирсэн аж. Төрийн ордонд байрлах 1200 хүний суудалтай Их танхим ийнхүү амралтын өдрүүдэд дүүрэн байлаа.  Орон нутгаас ирсэн төлөөлөгчид нутаг орныхоо тулгамдаад буй тухай бүрийн асуудлыг танхимд сонсгохыг хүсч байсан бөгөөд энэ зөвлөгөөнд их найдвар тавьж буй нь илт. Төлөөлөгчдийн хөндөж буй саналуудад орон нутгийн орчны доройтол, ундны усны бохирдол, хот газрынханд агаарын бохирдол энэ тэргүүний асуудал болоод байгааг олон давтагдаж байв. Түүнчлэн БОАЖЯ-наас 2012 оныг “Агаарын бохирдлыг бууруулах, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарласан нь үр дүнгээ өгөх байх хэмээн найдаж буйгаа ч илэрхийлж байлаа.

Чуулганд мөн хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагынхан ач холбогдол өгч оролцсон ба УИХ-ын гишүүн Байгаль орчны байнгын хорооны дарга П.Алтангэрэл, С.Оюун, Д.Энхбат нарын гишүүд өөрсдийн саналаа хэлсэн. Тухайлбал “УИХ нь ногоон парламент байж баталж буй хууль, тогтоол бүрийг байгаль орчинд ээлтэй байхыг бодох ёстойг” анхаарахыг, “Байгаль орчны тухай их ярьж байгаа ч нийслэлийн хэмжээнд 12 настай хүүхдүүдийнх нь 98 хувь нь амьсгалын замын өвчтэй байгаа нь агаарын бохирдлын эсрэг хийж буй ажлын үр дүнг тооцох”, “Монгол улс ойрын жилүүдэд усаар дутагдах нь гэдгээ бодохгүй бол болохгүй нь” зэрэг саналууд гаргасан байна.  Орон нутгийн иргэдийн саналуудын дийлэнх нь шүүмжлэл, тэдгээр шүүмжлэлт саналын нэлээдгүй нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйл ажиллагаатай холбогдож олборлолтын явцад эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хангалтгүй хийгдсэн, олборлосон бүтээгдэхүүнээ тээвэрлэж байгаа зам нь бэлчээрийг доройтуулж, тоосжилт үүсгэж байгаа зэрэг гомдлууд байв.

Байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Дэмбэрэлээс “шадар сайдын эрхлэх асуудалд байгаль орчны салбарыг дүйцүүлэн үнэлэх, аймаг дүүргийн Засаг даргын орлогч нь мөн байгаль орчны асуудлыг эрхлэх” санал гаргасан юм. Энэ талаараа тэрээр “Байгаль орчны сайдаас Эрдэс баялгийн сайдад асуулга тавихад, чи адилхан эрх хэмжээтэй юм байж надад юугаа хэлдэг юм гэх байдлаар асуудалд хандаж байна” хэмээн тайлбарласан. 

Харин талархалтай хандаж байсан нь сүүлийн жилүүдэд халиун буга, аргаль хонь, бөхөн, цагаан зээр зэрэг ан амьтан өссөн, тужийн нарсыг бүрэн сэргээн ойжуулж, улсын ойн санд хүлээн авсан зэрэг байв. Хэлэлцүүлгээр зөвхөн шүүмжлээд өнгөрөөгүй бөгөөд тодорхой дүгнэлтүүд гаргаж байсан ба “уул уурхайн олборлолттой холбоотой үйл ажиллагааны бүх шатанд /тусгай зөвшөөрөл авах, ашигт малтмал хайх, ашиглалтын явцад хяналт тавих, байгаль орчныг хамгаалах/ холбогдох талуудын оролцоог маш тодорхой болгох, уялдааг сайжруулах, түүнчлэн оролцогчоос шат бүрт тавих шаардлага, дүрэм журам, аргачлалыг илүү нарийвчлан тодорхойлох, ялангуяа орон нутгийн удирдлагууд хууль тогтмоомжоор хүлээсэн үүрэг, хариуцлагаа санаачилгатай хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд нэмж тусгах; уг үйл ажиллагаанд байгаль орчны хяналт тавихдаа салбар хариуцсан төрийн байгууллагуудаас гадна олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн, тэр дундаа тухайн орон нутгийн иргэд, иргэдийн нөхөрлөл нь хүчтэй хяналт тавих нөхцөлийг сайжруулах” зэрэг шийдэлд хүрсэн байна. Дашрамд дурдахад, тус яамнаас утаагүй үйлдвэрлэл хэмээн нэрлэгддэг “аялал жуулчлал”-ын хөгжлийн асуудлыг энэ гуравдугаар сард мөн адил тусгайлан авч хэлэлцэхээр болж байгаа аж.

САЛБАРЫН АЖИЛТНЫ УЛ­СЫН ЗӨВЛӨГӨӨН.

Өчигдөр буюу ням гаригт байгаль орчны салбарынхан мөн л завгүй өнгөрөөв. Энэ өдөр “Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж салбарын гол шинэчлэл, цаашдын бодлого стратеги, мөн өнгөрсөн хугацааны алдаа оноо, сургамжаа дүгнэн хэлэлцэж, нийгмийн бүх шатны төлөөлөлд чиглэсэн зөвлөмж, уриалга гаргалаа. Байгаль орчны ажилтны улсын зөвлөлгөөнд оролцогсдод хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, салбарын сайд Л.Гансүх нар зөвлөгөөнд үг хэлсэн юм. Ийн зохион байгуулж буй үндэсний чуулган болон улсын зөвлөгөөний нэг чухал зорилго бол 2012 оны 6 дугаар сард Вразиль улсын нийслэл Рио Де Жанейро хотноо байгаль орчин-тогтвортой хөгжлийн асуудлаар болох Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын байр суурийг илэрхийлэх Үндэсний илтгэлийн үндсэн асуудлыг тодорхойлох зорилготой аж. Л.Гансүх сайд одоогийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тайлан тавьж алдаа оноогоо ярьсан бөгөөд илтгэлээрээ “Ойн нөөцийн хомсдол, доройтол анхаарал татахуйц хэмжээнд хүрчээ. Тухайлбал, түймэрт өртсөн ойн талбай 1 395 661 га, хортонд нэрвэгдсэн ойн талбай 950 000  га болсон” гэх зэрэг асуудлыг хөндөв.  Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас өдөөгдсөн цөлжилт нь экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, ядууралд нөлөөлөхүйц тулгамдсан асуудал болоод байгаа талаара дурдаж “Сүүлийн 16 жилд цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 11 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 7 дахин нэмэгдэж, цөлжилт илэрсэн талбайн хэмжээ нийт нутгийн 72 хувьд хүрсэн тухай” шинжлэх ухааны байгууллагуудаас гаргасан мэдээллийг танилцуулсан юм.

Байгаль орчны чиглэлээр ажилладаг ажилтнууд урьд өдөр хөндөгдсөн асуудлын шийдлийг гаргах талаас нь ярилцаад зөвлөгөөн, чуулганаас уриалга гаргажээ.  Үүнд, УИХ-д байгаль орчны багц хуулийг шинэчлэн 2012 оны эхний хагас жилд багтаан хэлэлцэн батлах, байгаль орчны асуудлыг  шадар сайдын түвшинд ажиллуулах, Засгийн газарт хүний эрүүл мэнд байгаль орчинд аюултай нөлөө бүхий хог хаягдлыг  цуглуулах, тээвэрлэх, хадгалах устгах системийг бий болгох, Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчид, бүх шатны Засаг дарга нарт урт нэртэй хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Бизнесийн байгууллагад Компанийн нийгмийн хариуцлагын тэргүүлэх бодлогын хүрээнд байгаль орчны асуудлыг онцгойлон авч үзэж, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн тусгай сантай болох зэрэг үүнд багтсан байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж