Өвлийн хотууд нийслэлд чууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Өвлийн хотууд нийслэлд чууллаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дэлхийн өвлийн хотуудын 15-р чуулганыг Улаанбаатарт зохион байгуулагдлаа. “Өвлийн улирал нөөц бололцоо, давуу тал” сэдвийн дор зохион байгуулсан чуулга уулзалтад гурван орны 12 хотын төлөөлөгчид оролцож, дэлхийн өвлийн хотууд Улаанбаатар зочид буудалд чуулсан. Хурлын эхний өдөр дотоод хурал буюу ирэх жилийн чуулганыг зохион байгуулах орныг сонгох, “Дулааны нийлүүлэлтийн үр ашигтай хэрэглээ”, “Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ” зэрэг сэдвээр орон орны төлөөлөгчид илтгэл тавин хэлэлцүүлсэн юм. Хоёрдахь өдөр нь Өвлийн үзэсгэлэнгийн нээлтээр эхэлж, “Хүрээлэн буй орчин”, “Өвлийн хотууд дахь агаарын  бохирдол, бууруулах арга зам” зэрэг асуудлыг хэлэлцсэн. Чуулганыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр үг хэлэхдээ “Өвлийн хотууд эрс тэс цаг ууртай, өвлийн улирал хатуу ширүүн болдог нь бидний нийтлэг сул тал. Энэ нь байгалийн давтагдашгүй хүчин зүйл боловч нөгөө талаас эвлэлдэн нэгдэж хамтын хүчээр бэрхшээлээ даван туулж, өвлийн улирлыг давуу талаар ашиглах нь бидний үүрэг болдог. Өвлийн хүйтэн, агаарын бохирдлыг даван туулах, цаашид хоорондоо туршлага солилцох нь хамгийн үр дүнтэй арга” гэсэн юм.

Япон улсын Саппоро хотын санаачлагаар анх 1981 онд Дэлхийн өвлийн хотуудын чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэгдэж, 1982 онд зургаан улсын есөн гишүүн хоттойгоор зохион байгуулжээ.Түүнээс хойш тасралтгүй 10 гаруй орны 20 гаруй хотыг эгнээндээ нэгтгэн чуулганыг зохион байгуулж буй. Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбоонд Зүүн хойд Азийн хотууд, Хойд Америк, мөн Европын өвөлдөө цас их унаж, хүйтэрдэг орнууд багтдаг. Өвлийн хотуудын хамгийн том бэрхшээл нь цас их орсноос үүдэх халтиргаа гулгаа, цэвэрлэгээний асуудал болон агаарын бохирдол. Манай улсын хувьд нийслэлийн утаа буюу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд олон арга хэмжээ авч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байгаа. Хязгаарлалтын бүс тогтоож, утаа бага гаргадаг зуух болон утаагүй түлшийг хэрэглэж эхэлсэн. Дэлхийн өвлийн хотууд ч манай оронд яг өнөөдөр тулгараад байгаа бэрхшээлийг туулаад өнгөрсөн аж.  “Агаарын бохирдол буюу утаанаас салахын тулд олон жилийн хугацаанд тууштай арга хэмжээ авсны эцэст тодорхой үр дүнгүүд гарч ирнэ. Манай хотууд ч бас л утаатай байсан.  Яг одоогийн Улаанбаатарт авч байгаа арга хэмжээнүүд болон утаагүй түлш, зуухыг бид ч гэсэн хэрэглэж ирсэн. Танай улсын нийслэлийн агаарын бохирдол дан ганц гэр хорооллын утаанаас гадна автомашины угаараас үүдэлтэй бохирдол маш их байна. Манайд ч байдал ийм л байсан. Гэхдээ бид үүн дээр нэг арга хэмжээ авсан. Гурваас дээш жилийн насжилттай автомашины агаарт үүсгэж буй бохирдлыг хэмжин түүнд нь өндөр татвар ноогдуулсан. Энэ маш их үр дүнтэй арга хэмжээ болсон” гэж  АНУ-ын Анкореж хотын захирагч Дик Сталлоне ярилаа. Агаарын бохирдолд дутуу шатсан нүүрсний утаанаас гадна хамгийн их нөлөөлдөг зүйл нь автомашинаас ялгаруулдаг угаарын хий гэнэ. Манай улсын хувьд ч автомашины насжилт өндөр байгаа нь агаарын бохирдолд ихээр нөлөөлж байгааг олон орны төлөөлөгчид хэлж байлаа. Тиймээс автомашины агаарт үүсгэх бохирдлын хэмжээг тогтоож, насжилтаар нь татвар тогтоох нь хамгийн үр дүнтэй арга гэв.

Нөгөө талаас манай дотоодын эрдэмтэд судлаачдын тооцоогоор ойрын ирээдүйд Улаанбаатар хотод хотжилт нилээд хурдацтай үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд хотын хүн амын тоо одоогийнхоос 40-60 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Хүн амын эрчимтэй өсөлт, хэт төвлөрлөөс шалтгаалан өвлийн улиралд утаа, зуны улиралд тоосжилт, ус хөрсний бохирдол тулгамдсан асуудал болж буйг гишүүн орнуудын төлөөллүүд ч дуулгаж байсан.  “Улаанбаатар хот дулааны төвлөрсөн халаалтын тогтолцооны давуу тал, хүндрэл бэрхшээлийг улам бүр мэдэрч байна. Халаалтын энэ хүндрэлийг шийдэх гарцыг хайж байна.  Манай холбооны гишүүн хотуудын энэ чиглэлээрх  туршлага бидэнд ус агаар шиг хэрэгтэйг илэн далангүй хэлье. Бидэнд хот байгуулалтын туршлага дутмаг. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжил хурдасч, урьд өмнө шийдэж чадаагүй асуудалд анхаарал хандуулах бололцоо бүрдэж байна. Тиймээс нягт суурьшилтай, эрүүл хотын шинэ загварыг амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн өвлийн хотуудын туршлагаас суралцах нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн чухал арга хэмжээ болно” гэдгийг хотын мэр маань онцолсон.

Тиймээс нийслэлийн дагуул хотуудыг хөгжүүлэх, дагуул хотуудыг шинээр бий болгох ажил эхэлж байгаа, цаашид нэмэгдэх хотын суурьшлыг дагуул хотуудад шилжүүлэх ажлын хамгийн эхний ажил нь Налайх дүүрэгт оюутны кампусыг барих ажил. Цаашид хотын захиргаа болон нийслэлийн харьяа байгууллагууд мөн дагуул хотуудад төвлөрснөөр хотын хүн амын нягтаршил, төвлөрлийг багасгах нэг арга зам болно гэдгийг ч дуулгасан. Хотын төвлөрлийг дагаж замын түгжрэл, барилга байгууламж, хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлдөг. Чуулганд оролцогч хотуудын удирдлагууд хэлэхдээ “Хот төлөвлөлтийг 20, 30 жилээр гаргадаг. Нэгэнт бий болсон төвлөрлийг задлахын тулд дагуул хотыг бий болгох нь хамгийн зөв сонголт болно. Энэ ажлыг Улаанбаатарын хотын захиргаа хийгээд эхэлсэн нь сайн хэрэг. Нэг өдөр энэ бүхнээс сална гэж байхгүй, хот төлөвлөлтийг урт удаан хугацааны турш төлөвлөж, тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатай авах нь зөв. Яг үүнтэй адил агаарын бохирдлоос ч гэсэн урт хугацааны турш тууштай арга хэмжээ авсны дараа үр дүн нь гарна. Бид ч гэсэн энэ бүхнийг туулаад ирсэн, одоогийн Улаанбаатарын дарга нарын авч байгаа арга хэмжээнүүд үр өгөөжөө өгөх болно” гэдгийг нэгэн дуугаар хэлж байсан.

Энэ удаагийн чуулганаар ярьсан бас нэгэн сонирхолтой зүйл нь цасыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх бусад орны туршлага байв. Цасыг ашиглан аялал жуулчлалын цогц үйлчилгээг бий болгож, цасны наадам зохион байгуулдаг Японы Саппоро хотын дарга туршлагаасаа хуваалцсан юм. Тус улс жил бүрийн хоёрдугаар сард Цасны баяр зохион байгуулдаг. Саппоро хотын дарга  Уеда Фумио “Өнгөрсөн жилийн цасны наадмыг дотоод гадаадын 2,4 сая хүн үзэж сонирхсон. Наадмын үеэр цас, мөсөөр урласан том жижиг 252 уран баримлыг дэлгэж толилуулсан. Улаанбаатарын хувьд ч гэсэн цас их ордог учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой” гэсэн юм. Бид өөрдийн давуу талаа ашиглан цасны баяр, аялал жуулчлалыг өвлийн улиралд зохион байгуулах боломжтой аж. Дэлхийн олон оронд цас ордоггүй тул иргэд нь цас үзэхээр аялдаг.  

Ийнхүү хоёр өдрийн турш чуулсан хотын дарга нар нутгийн зүг хөлгийн жолоо залж нийслэлийн удирдлагууд  маань хийж бүтээж байгаа ажил нь үр өгөөжөө өгөх юм байна гэсэн итгэлтэйгээр энэ удаагийн чуулганыг өндөрлүүллээ. Харин одоо олсон, мэдсэн туршлагуудаа хэрэгжүүлж, тэднийг нь нийслэлийн иргэн бүр дэмжин оролцох л үлдлээ.

Ш.Оюунчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж