Ажлын хариуцлага алдсан, импортлогчдын үгсэн хуйвалдаж үнээ нэмэхэд хүч өгсөн ч байж магадгүй тэдэнтэй ажлын хариуцлага тооцсоноор асуудал өөрчлөгдөнө гэдэг бас бэрх. Мэдээж, үүрэгт ажлаа хийж чадахгүй, үнийн өсөлтийг зохицуулж чадаагүй тэднийг ажлаасаа халагдсан гэдэг мэдээ тийм ч сонин зүйл байгаагүй. Тэртээ тэргүй тэд буруутай гэдэг, буруу хүлээх ёстой гэдэг нь илэрхий байсан болохоор тэр.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтаар нефть импортлогчид шатахууныхаа үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн нь нотлогдсон байна. Үүнээс гадна монополь байдлаараа далимдуулан ашиг олсон нь бас илэрчээ. Ам.долларын ханшийн өөрчлөлтөөс болж шатахууны үнэ өслөө гэхэд 100-170 төгрөгөөр нэмж болох байсан нь шалгалтаар илэрсэн бөгөөд харин импортлогчид 270 төгрөгөөр нэмсэн нь бодит бус үнийн өсөлт гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан мэдэгдэв. Тиймээс шатахуун импортлогчдод дор хаяж 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, үнийг буулгах албан тоот хүргүүлж буйгаа дуулгав. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр бол Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаж чадаагүй гэж дүгнэжээ.
Учир нь 2009 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа нефтийн бүтээгдэхүүний үнийг зохицуулах комиссыг дэд сайд ахлахаар байгуулсан байна. Харин Б.Ариунсангийн хувьд хуульд зааснаар нефтийн бүтээгдэхүүний Онцгой албан татвар, Гаалийн татварыг хөдөлгөх эрхтэй. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ажлын хэсгийн хуралдааныг зарлаж нефтийн бүтээгдэхүүний үнийг литр тутамд нь 220-280 хүртэл төгрөгөөр өсгөх шийдвэрийг гаргаснаараа хууль зөрчсөн гэж үзжээ. Харамсалтай нь хамтарсан Засгийн газраас Ардчилсан намын сайд нар гараад, ажил албаа өгчихсөн болохоор Б.Ариунсан сайдад хариуцлага тооцох боломжгүй болжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан шалгалтын дүнг импортлогчид хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дуулгаж, үүнд Засгийн газар буруутай гэдгийг онцлов. Яагаад гэвэл зүгээр мөрөөрөө явж байсан нефть импортлогчдыг Эрдэс баялаг, эрчим хүчний яаман дээр дуудаж ирээд үнэ нэмэх асуудлыг хэлэлцүүлсэн гэнэ. Өмнө нь үнэ нэмэх тухай яриа байсан боловч үүнийг Нефтийн бүтээгдэхүүний үнийг зохицуулах комисс хүлээн зөвшөөрөөгүй байсан бол шатахууны үнэ өсөөгүй байсан гэх гомдлыг импортлогчдын зүгээс тавьж байгаа бололтой. Өчигдөр шатахуун импортлогчид энэ талаар ярилцсан бөгөөд тэд үнийг бууруулах асуудлыг дахин нухацтай авч хэлэлцэхээр болжээ. Өөрөөр хэлбэл өндөр үнээр авсан шатахуунаа зарж дууссаны дараа үнийг бууруулахаар ярилцсан байна. Бас л нэг үгсэн хуйвалдаан явагдсан байж болохын илрэл л дээ. Харин шатахууны үнийн өсөлтийн үндсэн шалтгаан болоод байгаа ам.долларын ханшийн өсөлтийг зохицуулж чадаагүй гэдэг шалтгаанаар Ардчилсан намын УИХ дахь бүлгийнхэн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг ажлаас халах саналаа УИХ-ын чуулганд тавиад байгаа. Төв банкны ерөнхийлөгч гадаад валютын хар зах зээлд болох үйл явдлыг урьдчилан хараагүй, ам.долларын өсөлтийг түр зуурын үзэгдэл хэмээн тайлбарлаж суусандаа хариуцлага хүлээж магадгүй болоод байгаа юм.
Импортлогчид бодит бусаар үнээ нэмсэнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан олж тогтоосон бөгөөд хэрвээ цаашид үнийг буулгахгүй бол дараагийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Тэр дараагийнх нь хариуцлага тооцох зэвсэг нь дураараа дургиж, монополь байдлаараа далимдуулан ашиг олохоор, магадгүй эзэд нь сонгуулийнхаа мөнгийг ард иргэдийн халааснаас гаргахаар санаархсан нефть импортлогчдын тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч, төр шиг төр байгаасай гэж хүсэх хүмүүс олон байгааг эрхбаригчдад дуулгахад илүүдэхгүй биз. Монгол Улс монополийг эсрэг хатуухан хуультай болох шаардлагатайн эхний илрэл энэ үзэгдэл болов. Үүнийг харин хууль тогтоогчид, эрх баригчид анхаараасай.