Л.Гансүх: Байгаль орчны эрх зүйн зохицуулалтыг цэгцэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Л.Гансүх: Байгаль орчны эрх зүйн зохицуулалтыг цэгцэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээс зарим асуудлаар тодруулга авлаа.

-Төрийн ордонд зохиогдож буй Байгаль орчны салбарын үндэсний зөвлөгөөний ач холбогдол юу вэ?

-Өнөөдөр дэлхий нийтээрээ бай­галь орчны тогвортой хөгжлийг яаж хангах вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Хүн ам өсөхийн хэрээр хэрэглээ нэмэгдэнэ. Тэгэхээр байгалийнхаа баял­гийг зүй зохистой ашиглахгүй бол баял­гаа хэдхэн жилийн дотор ухаад дуусгачих аюул тулгарна. Өнөөдөр болж байгаа чуулганы гол ач холбогдол нь байгаль орчны салбарынхан хамтраад тогтвортой хөгжлийн хангахад уул уурхай, хүрээлэн буй орчны асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудлаар үндэс­ний хэмжээнд зөвлөлдөж байгаа юм. Бид өнөөдөр амиа аргацаасан, хариуц­лагагүй уул уурхайг таслан зогсоох бодлого барьж байна. Усны ундарга, ойн сан бүхий газарт 250 гаруй аж ахуйн нэгжийн алтны шороон ордыг хаагаад байна. Хохирлыг тооцоод үзэхэд нэг их наяд орчим төгрөг болж байгаа. Одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүдэд 600 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл байгаа. Бид хариуцлагагүй уул уурхай, байгаль орчинд учруулж байгаа хохирол нь эдийн засгийн ашгаасаа давсан уурхайнуудыг хааж байгаа. Усны ундарга, ойн сан бүхий газарт шороон орд байж болдоггүй. Учир нь хөрсийг тэр чигээр нь хуулж устгадаг. Цаашдаа бид 360 суманд уул уурхайтай байх уу, эсвэл 36 суманд өндөр техник технологитой, үр өгөөжтэй уул уурхайтай байх уу гэдэг сонголт руу шилжих хэрэгтэй. Үүний тулд бүх зүйлийг шинэчилж байна. Байгаль орчны үнэлгээг хийхдээ орд болгонд тусад нь хийлгүй, тухайн орчмын нийт талбайд байгаль орчны үнэлгээ хийх юм.

Ирэх жил эрчим хүчийг нь шийдээд өгчихвөл “Оюутолгой” ашиглалтад орчихно. Зургадугаар сараас эхний хэсэг нь ашиглалтад орох юм. Тиймээс бид ашиглалтад орохоос нь өмнө хатуухан хяналт хийхээр ажиллаж байна. Цаашдаа нэг стандарт тогтооно. Бүх газар дуртай нэг нь очоод ухаж болохгүй. Иргэний хөдөлгөөн, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор Монгол Улсын байгаль орчныг хамгаал­на. Хамгаална гээд дараад хэвтэхийг хэлдэггүй. Зөв ашиглалт, зөв хэрэглээ, тогтвортой өсөлт чухал.

-Улс төрийн шийдвэрээр та сай­дын албан тушаалаа удахгүй өгнө. Энэ нь салбарын хувьд сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Сайд нь л ажлаа өгнө гэсэн үг шүү дээ. Ингэлээ гээд үймж, сандраад байх зүйлгүй. Энэ Засгийн газраас АН-ын зургаан сайд гарч байгаа болохоос биш Засгийн газар үргэлжлүүлээд ажиллана. Ажил урагшилдгаараа ураг­шилна. Манай яамны ажил чигтээ явж байгаа. Өнгөрсөн гурван жил бид байгаль орчинтой холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг цэгцэллээ. Ингээд оны өмнө УИХ-аар Байгаль орчны багц хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болоод байна. 

-Байгаль орчны багц хуулийн төслийн агуулга нь юу юм бэ?

-1992 оноос хойш батлагдсан байгаль орчны чиглэлийн 30 орчим хууль байдаг юм. Ихэнх нь 1992, 1993 оны үед батал л даа. Хожмоо ганц, хоёр хууль шинээр баталснаас биш, ихэнхдээ хуучин хуулиудаа шинэчлээд явж ирсэн байдаг. Харин хамтарсан Засгийн газар байгуулагдаад ерөөсөө энэ хуулиудаа эмхэлж, цэгцэлье гэсэн тогтоол гаргасан. Хуулийн хийдэл, давхардлыг арилгах зорилготой тогтоол юм. Тэгэхээр хуулийн хүрээнд ажиллах шаардлага нэг талаас гарч ирсэн. Харин нөгөө талдаа, манай салбарын анх баталсан хуулиуд бол ерөөсөө л байгаль орчныг улс хамгаална, улс мөнгийг нь гаргана гэсэн концепцтой байлаа. Зах зээлд шилжиж байсан үе болохоор ч тэгсэн байх. Ерөөсөө л бүхнийг улс руу наасан. Эсрэгээрээ аж ахуйн нэгж болохгүй, иргэн болохгүй гэсэн зохицуулалт явж ирлээ. Гэтэл зах зээлийн өнөөгийн нөхцөлд бол байдал өөр шүү дээ. Ялангуяа хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, уур амьсгалын өөрчлөлтөд илүү нэрвэгдэж байгаа энэ улсын хувьд явж ирсэн зарчим маань зохихгүй байна. Өмнө нь бол эдийн засгийн чадавх сул байлаа шүү дээ. Орос тусламжаа зогсоогоод л бид санхүү, эдийн засгийн хуримтлалгүй байсан болохоор бүхнийг тэгээс эхэлсэн. Одоо бол байдал өөр боллоо. Зарчмаа өөрчлөх цаг болсон гэж үзсэн.

-Шинэ зарчим юу байх вэ?

-Ашиглагч нь хамгаалагч байх, бо­хирдуулагч нь төлбөр төлөгч байх гэсэн ерөнхий зарчмын хүрээнд салбарынхаа хуулиудыг харилцаа холбоотой  багцаар нь шинэчлэх ажлыг өнгөрсөн гурван  жилд хийлээ. Яаралтай зохицуулалт шаардаж байсан зарим хуулийг өнгөр­сөн хоёр жилд гаргасан байсан л даа. Тэр гаргасан хуулиудаа ч одоо өөрчлөх гэж байна. Хийдэл, давхардлыг нь арилгах үүднээс үндсэндээ одоо 18 хуулийг нэгтгэж найм болгосон, дээр нь хоёр хууль нэмээд нийтдээ 10 төсөл УИХ-д өргөн барьсан.

-Утаа гол асуудлын нэг болсоор удаж байна. Энэ талаар явуулж буй арга хэмжээ хэзээ үр дүнгээ үзүүлэх юм бол?

-Нүүрс түлэхээ больсон цагт л утаа алга болно. Нүүрсээрээ бид дулаан гаргаж байна, хоолоо хийж байна. Тэгэхээр нүүрсийг болиулах гэж байгаа бол цахилгаанаар юм уу, газаар хоолоо болгоно гэсэн үг. Өнөөдөр бид цахилгааны болоод газын хангалтыг хийж чадахгүй байгаа. Тиймээс утааны хортой чанарыг бууруулах хэрэгтэй. Засгийн газраас 18 их наяд төгрөгийн төсөл боловсруулсан. Утааг бууруулна гэдэг нь барилгажуулалт, дэд бүтэц, хүн амын төвлөрөл гээд бүх зүйлийг агуулдаг болохоор өндөр хөрөнгөтэй “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр батлуулан нийслэл даяараа хөдөлсөн. Өнгөрсөн жил 100 орчим тэрбум төгрөгийн ажил хийсэн. Хүмүүс утааг багассан, ихэссэн гэж дүгнэж болохгүй. Тусгай багажаар хэмждэг. Дээрээс нь бид хэмнэлттэй түлш, утаа бага гаргадаг зуухны худалдаанаас утааг механикаар хэмжиж байгаа. Өнгөрөгч онд сайжруулсан 70 мянган зуух нийлүүлэхээр төлөвлөсний 50 мянга нь зарагдсан. Иргэд бүгдийг нь авчихсан бол утаа улам л багасах байсан. Бид нийслэлийн хэмжээнд байгаа 180 мянган янданг 2012 онд бүрэн солино гэж төлөвлөсөн. Тэгэхээр иргэдийн идэвх, оролцоо их чухал байна.

-Монголд хариуцлагатай уул уурхай төлөвшихэд хэдий хэрийн хугацаа хэрэгтэй вэ?

-Аливаа зүйл хөгжлийнхөө явцад төгс төгөлдөр болдог. Түүнд хугацаа хэрэгтэй. Янз бүрийн мэргэжилтэй, чадвартай, араншинтай хүмүүс ажиллаж байгаа. Иргэдийн хяналтыг зөв зохион байгуулж чадвал 5-10 жилд нутагших байх. Ер нь 20 жил гэдэг нийгмийн хувьд бага хугацаа. Гэтэл бид 20 жил өнгөрчихлөө, ядуураад дууслаа гэдэг. Үнэндээ 20 жилийн дотор ямар амжилтад хүрснээ бодох хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацааны эрчимтэй хөгжлийн үе нь сүүлийн хэдхэн жилд л байгаа. Үүнээс өмнө хүмүүсийн ухамсрын түвшинд ажиллаж байлаа. Түүнээс өмнөх 70 жилд бид хувийн өмчтэй байх сэтгэхүйг хүртэл устгачихсан байсан. Тухайн улс хөгжихийн тулд хуримтлалтай байх ёстой. Харин бид Оросоос их хэмжээний зээл аваад, жилий турш төлдөг байв. Өрөө төлж дийлдэггүй байлаа. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд бид бүсээ чангалж ирсэн. Бүх хүн алим идье, алимны мод тарья гэдэг. Таван жилийн дараа ургац өгөх мод тарьчихаад тарьсан жилийнхээ намар нь алим нэхээд суучихдаг. Тэгээд алим алга байна, хэн нэгэн буруутан байх ёстой гээд буруутнаа хайгаад явдаг зангаа болих хэрэгтэй.

-Уул уурхайгаас олсон орлогын тодорхой хувь нь орон нутагт үлдэх ёстой талаар яригдаж байна.  Үүнийг хэрхэн шийдвэрлэж болохоор байна?

-Засгийн газраас орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлж байгаа. Гэхдээ бид нэгдсэн Монгол Улсын иргэд. Зөвхөн өөрийн нутаг дээрх уурхайг өөрсдөө л ашиглана гэвэл бид 22 жижиг улс болчихно. Тэгэхээр бодлогоор уул уурхайгаа ашигламаар байна. Үүний тулд дэд бүтэц, хариуцлага, хяналт шалгалтыг дээд зэргээр хийх ёстой. Ингэж л өөрийгөө авч явах чадвартай уул уурхайг ажиллуулах юм. Ер нь орон нутгийн удирдлагын гол үүрэг бол амгалан тайван орчинд нутгийн иргэдийг амьдруулах явдал. Амгалан тайван гэдэг байгаль орчны доройтолгүй орчин шүү дээ.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж