“Эрх мэдэлгүй дарга нарыг халсан нь буруу”

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

“Эрх мэдэлгүй дарга нарыг халсан нь буруу”

Баасан гаригийн үдээс хойшхи хуралдаан засгийн газрын цагаар үргэлжилж гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонссон юм. 

Уг хуулийг батлагдсанаас хойш жил зургаан сарын хугацаа өнгөрч байгаа ч хуулийн хэрэгжилт муу өрсөлдөөний асуудал хариуцсан агентлагийн үйл ажиллагааны ил тод байдал, улс төрөөс хараат бус болон бие даасан байдал хангалтгүй, гол нэрийн бараа үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд нь үгсэн хуйвалдах эсхүл зохиомлоор үнэ хөөрөгдөх байдлаар шударга бус үйл ажиллагаа явуулдаг, эдгээр аж ахуйн нэгжүүдтэй тооцох хариуцлага сул байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Сүүлийн өдрүүдэд өрнөөд буй үнийн өсөлт, нефтийн бүтээгдэхүүний үнийн нийлүүлэлтийн доголдлыг далимдуулж давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хязгаарлаж, зохиомлоор үнэ нэмсэн тухай тохиолдлууд энэ асуулгын гол сэдэв байж Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь ийм нөхцөлд хүргэж байна гэх дүгнэлтийг гишүүд хэлж байлаа.

Хэдийгээр Засгийн газрын тэргүүн шадар сайдын албан тушаалаа өгсөн ч Д.Алтанхуягийг байлцуулж энэ асуудлаар тайлбар авах нь зүйтгэй гэж гишүүд үзсэн тул Д.Алтанхуяг гишүүн танхимд хүрэлцэн ирсэн байна.

Ингээд шүүмж эхлэв. Л.Гүндалай гишүүн “Монгол Улсад өнөөдөр шударга өрсөлдөөн алга байна. Том компаниуд монополь болсон. Хуулиар аж ахуйн нэгжүүдийн монополь байдлыг хасах эрхгүй. Иймд гол нь шударга өрсөлдөөнийг бий болгох, хянах хэрэгтэй. Бензиний үнийг дэд сайд Б.Ариунсан ганцаараа нэмсэн гэвэл тэрэн шиг худал зүйл байхгүй. Ингэж худлаа ярьдгаа болих хэрэгтэй” гэв.

Мөн Ч.Улаан гишүүн “Дэд сайд Б.Ариунсан бензиний үнэ нэмэх далим болсон үг алдаж монополь компаниудад ашиглагдсан” хэмээн буруутгалаа.

“Залагдаж” ирсэн Д.Алтанхуяг энэ талаар “Гурван жил дөрвөн сар гаруй хугацаанд хамтарсан Засгийн газарт ажиллаа. Ямар ч Засгийн газрын түүхэнд дэд сайд эрх мэдлийнхээ хүрээнд үнэ нэмсэн түүх байдаггүй. Тэр байтугай яамны сайд ч ийм шийдвэр гаргах эрхгүй. АН засгийн газраас гарахдаа үгсэн хуйвалдаад үнэ нэмлээ гээд байгаа нь үндэслэлгүй. Хоосон улстөржихөө болих хэрэгтэй. Мөн ШӨХТ газрын даргыг өөрчлөх асуудлыг дөрвөн сарын өмнө тавьсан ч шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

Одоо байгаа Өрсөлдөөний хуулийн дагуу шударга бус өрсөлдөөн үүссэн нөхцөлд хянаж шалгахаар байгаа. Саяны үнэ нэмсэн асуудал бол компаниуд үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн тул мөнгөн торгууль ногдуулахаар боллоо. Надад мэдэгдсэнээр 10 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд дүрэм журам батлах ёстой. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх гэхээр зөрчил үүсч, холбогдох хуулиудтай зөрчилдөж байгаа тул удааширч байгаа” гэв.

Эцэст нь уг асуулгыг тавьсан Д.Ганхуяг гишүүн “УИХ Засгийн газартаа хөтлөгдөхөө болих хэрэгтэй. Нохой сүүлээ, сүүл хонгорцогоо гэдэг шиг ямар ч эрх мэдэлгүй хоёр агентлагийн даргыг албан тушаалаас нь халсан нь буруу. Ил тод ярих ёстой байсан асуудлыг хуульд нийцэхгүй байна гээд жил зургаан сар хүлээлгэж болохгүй. Үүнд хуулийг хэрэгжүүлэх байсан Засгийн газар буруутай. Сонирхлын зөрчилд идэгдсэн Засгийн газартай байхаа больё. Төр зохицуулах үүргээ хийж, УИХ Засгийн газарт хяналтаа тавья. Долоохон хоногийн дотор доллар, бензиний үнээр иргэдээ цохиж унагааж болохгүй биз дээ” гэсэн юм. Ийн хэлэлцсэнээр тус өдрийн хуралдаан өндөрлөсөн юм. 

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж