Үнийн өсөлтөөс сэргийлж чадаагүйг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Үнийн өсөлтөөс сэргийлж чадаагүйг тогтоожээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрөгч баасан гаригт хуралдан бензин, шатахууны үнийн өсөлт юунаас болж үүдсэнийг шалгасан дүн, гаргасан дүгнэлтийг хэлэлцжээ.

Ингээд үүссэн үнийн хөөрөгд­лийн учир шалтгааныг бодитоор тог­тоож, үнэ үндэслэлгүй нэмсэн газрууд, ажилдаа хариуцлага алд­сан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг нь оногдуулж, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авахаар болсон байна.

Ерөнхий сайд С.Батболд өнгөр­сөн даваа гаригаас эхлэн өөрийн шууд удирдлага дор ажлын хэсгүүд гар­ган газар дээр нь шалгалт хийл­гэн, бодит байдлыг тогтоосны үр дүнд үнийн хөөрөгдлийг зогсоох арга хэмжээ авчээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэг­чийн төлөө газраас газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулдаг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсний дараа тэднийг хэлэлцэн тохиролцсоны дагуу үнэ нэмсэн гэж дүгнэсэн байна.   
 
Газрын тосны бүтээгдэхүүний импорт, борлуулалт эрхэлдэг “НИК”, “Петростар”, ”Магнай трейд”, ”Содмонгол групп”, “Шунхлай групп”, ”Жаст ойл”, “Ойн бирж”, “М-Ойл”, “Петрожамп” компани энэ сарын 6-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хуралдан нэг литр АИ-92 автобензинийг 1850, дизелийн түлшийг 1885, А-80 бензинийг 1550 төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Улмаар аж ахуйн нэгжүүд тэр даруй үнээ нэмсэн байна. Мөн “НИК”, “Петростар”, “Петрожамп”, “Содмонгол групп” хэд хоногийн дараа үнээ нэмж, бусдаасаа 30-35 төгрөгийн хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн байна.

Үүссэн нөхцөл байдлын хү­рээнд Шалгалтын хэсэг валютын ханш­ны нөлөөллийг Монголбанкны арван­нэгдүгээр сарын дундаж албан ханштай зэрэгцүүлэн авч үзэхэд нэгдүгээр сарын 7-ны өдрийн ам.дол­ларын албан ханш 1429 төг­рөг болсон бөгөөд ханшийн зөрүү­гээр нэг литр А-80 бензин 93, АИ-92 бензин 113, дизелийн түлш 118 төгрөгөөр нэмэгдэхээр байжээ. Мөн өдөр “Найман шарга” валютын захад ам.доллар 1475 төгрөг байсан бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр А-80 бензин 133, АИ-92 бензин 163, дизелийн түлш 170 төгрөгөөр өсөхөөр байсан гэсэн тооцоо гарсан байна.

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд автобензин, дизелийн түлшний үнийг литр тутамд 235-260 төгрөгөөр нэмсэн нь ханшийн зөрүүгийн нөлөөллөөс нэлээд өндөр байгаа нь шалгалтаар тодорхой болжээ. Дээрх аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх үед болон түүнээс хойш гаднаас авсан, өмнө нь валютын ханшны үнийн өсөлт ороогүй үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь бэлтгэн нийлүүлэгч компаниас ирүүлсэн баримт, газрын тосны бүтээгдэхүүний нөөц хэвийн хэмжээнд байгаагаар нотлогдож байна гэж Шалгалтын хэсэг дүгнэжээ. Импортлогч аж ахуйн нэгжүүд нь бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцлийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл нийт 7,5 сая ам.доллар буюу нийт төлбөрийнхөө 11,7 хувийг нь л төлжээ.

“Импортлогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.11-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэх үндэслэлтэй” гэж Шалгалтын хэсэг үзсэн байна. Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 тоот тушаалаар байгуу­лагдсан Ажлын хэсэг нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх талаар хэлэлцэн тохиролцож, шийд­вэр гаргах эрх, үүрэггүй гэд­гийг ч тогтоожээ. Холбогдох хууль тогтоомжид ч энэ талаархи зохи­цуулалт байхгүй учир Ажлын хэс­гээс гаргаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх шийд­вэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжтойг шалгалтын дүн нотолжээ. Иймд Өрсөлдөөний тухай хуу­лийн холбогдох заалтыг зөрчиж, бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмсэн дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хуульд зааны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай асуудал яригджээ.

Ингээд Засгийн газрын ээл­жит бус хуралдаанаар Шударга өр­сөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газ­раас хийсэн шалгалтын дүнтэй танилц­саны дараа гишүүдийн дийлэнх нь холбогдох газрууд үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тухайлбал Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр илт хууль зөрчсөн, үнэ нэмэх асуудал яригдаж байхад таслан зогсоох, буруу шийдвэр гаргаж болохгүй гэдгийг ойлгуулахын оронд хурал хаяж гарсан нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орлогч дарга болон мэргэжилтнүүдийн буруу гэж үзлээ.

Иймээс үүрэгт ажилдаа хариуц­лагагүй хандсан гэсэн үндэслэлээр Газрын тосны газрын дарга Д.Амар­сайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэг­чийн төлөө газрын дарга Д.Мандах нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг  хуралдаанаас гаргалаа. Мөн Газрын тосны газрын орлогч дар­га Ц.Амараа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орлогч дарга Ц.Доржпалам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж