Жүдочид тэмцээнээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Жүдочид тэмцээнээ дуусгалаа

Дэлхийн чансаанд жин тус бүрт шилдэг 16-д багтсан жүдочдын урилгаар оролцдог “World Masters” тэмцээнд зодоглосон Монголын жүдочид тэмцээнээ дуусгалаа. Өнөөдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд Монголын тамирчдаас -100 кг-д Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн нар, харин эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд нар зодоглолоо. Харамсалтай нь, өнөөдөр Алматыгийн татамид гарч барилдсан Монголын тамирчид хэсгийн барилдаанд бүдэрснээр тэмцээнийг орхиж байна.

-100 кг-ын жинд ОУХМ Б.Тэмүүлэн эхний тойрогт зохион байгуулагч Казахстаны тамирчин Максим Раковтой барилдаж, юүко үнэлгээгээр ялагдсан бол Н.Түвшинбаяр эхний тойрогт Бельгийн бөх Элько ван дер Геестийг цэвэр ялсан ч дараагийн барилдаандаа Голландын жүдоч Хенк Гролд цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. ОУХМ П.Лхамдэгдийн тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Кайла Харрисонг юүко үнэлгээгээр ялсан ч медалийн төлөөх барилдаанд Словенийн Анамари Веленсект цэвэр дийлджээ.

Харин тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монголын тамирчдаас С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар нар 66 кг-ын жинд хоорондоо аваргын төлөө барилдаж, С.Мияарагчаа илүүрхсэнээр “Мастерс”-ын хошой аварга болсон билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж