Утаагүй зуух авахгүй бол “хохино” гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Утаагүй зуух авахгүй бол “хохино” гэж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор зургаан дүүргийн хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулах гэр цэгүүдийг өнгөрсөн оны намраас эхлэн ажиллуулсан ч, ирэх сарын 23-нд буулгахаар болжээ.  Харин үүнтэй холбоотойгоор нийслэлчүүдийг “Та утаагүй зуух, гэрийн дулаалга, гонх зэргийг үнэ хямд дээр нь худалдаж авахгүй бол гэр цэгүүдийг буулгасан цагт хямд үнээр худалдаж авч чадахгүй болно шүү” гэх сүрдүүлгийг МҮОНТ-ээр цацаж эхэллээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд 40 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болоод байгаа. Мөн өнгөрсөн оны төвшинд 70200 өрхийг л утаагүй зуухаар хангаж 110 мянга нь хамрагдаж чадаагүй үлдсэн. Уг нь утаанд зарцуулахаар болоод буй 40 тэрбум төгрөгт хямд үнээр нийлүүлэх зуух, гэрийн бүрээс, гонх зэргийн үнэ шингэсэн байлтай. Гэвч төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс “Нийслэлчүүдийг дээр заасан хугацаанд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээ худалдаж авахгүй бол хямдруулсан үнээр авах боломжгүй болж байна шүү” гэдэг үгийг ярих болсон нь нэг талаар шахааны бизнесээ яаравчлуулах гээд байна уу даа гэх ойлголтыг олон нийтэд өгөх болов. Нөгөөтэйгүүр “Хохино шүү одоо авахгүй бол өндөр үнэтэй бүтээгдэхүүн дээр унана шүү” гэж хэлж байгаагаас ялгаагүй сонстоод буй юм. Хачирхалтай нь, Улаанбаатар хотын 50 хувь нь эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглээгүй байхад утаагүй зуух гэх мэт зүйлүүдээ хямдралтай үнээр худалдаагүй цагт хорт утааны хэмжээ буурах уу. Ёстой лөөлөө байлгүй дээ, эрх баригчдын нүдэнд л утаа харагдахгүй болчихдоггүй юм бол…

Иргэдийн хувьд утаан дундаа амьдаръя гэсэндээ хямдралтай үнээр зуух худалдаж авахгүй суугаад байгаа юм биш, мөнгөгүйдээ боломж бололцоо нь болохгүй дээ өнөөдрийг хүргэсэн. Бас үнэгүй авах гэсэндээ хойш суугаад буй ч юм биш, өнөөдрийнхөө хоолны мах, гурилыг яая даа гэж авч байгаа болохоор зуухтай манатай л яваа.

Ер нь ч тэгээд гэр цэгүүд иргэдэд хүрч ажиллаж чадаж байгаа билүү. Амралтынхаа өдөр яваад очихоор “Цайгаа ууж байна, захиалга авахгүй” гэнэ. “Монгол инженерүүдийн бүтээсэн зуухыг нь авъя, ядаж л тогоо тавиад махаа чанаж идэх боломжтой юм байна” гэхээр “Наад зуух чинь байхгүй, турк зуухнаас л ав” гэж тулгана. “Гэрийн бүрээснээс чинь авъя захиалга өгье” гэхээр “Танайх хаягийн бүртгэлд алга, өгөхгүй” гэнэ. Бүхэл бүтэн дөрвөн ханатай гэр бариад, дотор нь хүн амьдарч байхад яагаад гэрийн бүрээсээ өгдөггүй юм бэ. Мөнгөөр нь авах гэж байхад” гэхээр “Утаатай тэмцэхэд гэрийн бүрээс хамаагүй. Ер ингэж гэрийн бүрээс авах гээд зүтгээд байгаа чинь цаанаа их “но”-той байна шүү. Нарантуул худалдааны төвд аваачиж өндөр үнээр борлуулах ч юм билүү. Тийм наймаа яваад байна” гэж сэрдэнэ. Бүр багтарч унамаар, уг нь амралтынхаа өдөр хамаг цаг заваа зохицуулаад яваад очихоор ийм хариу өгч даапаалж байгаа юм. Худлаа ярьж байна гээд үнэмшихгүй байгаа бол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны дэргэд байрлах гэр цэг ажиллаж байгаа хүмүүсээс энэ тухай лавлаарай. Тэд надад ийм л хариу барьсан юмдаг.

Энүүхэндээ гэхэд ийм хүнд суртал нь хэтийдсэн нөхдүүд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний захиалга аваад сууж байхад улаанбаатарын гэр хорооллын иргэд утаанаасаа салтал өдий. 100 жил болсон ч Улаанбаатар хот утаан дундаа сүүмэлзэх байлгүй дээ. Эрх баригч нарт сануулахад, гэрүүдээ буулгасан ч, ядаж дүүрэг бүртээ нэг, нэг цэг ажиллуулаарай даа. Зун болж түлээ нүүрсэнд мөнгө зарцуулахаа больсон цагт утаагүй зуухыг худалдаж авч, дийлэх байх. Бас тэр болтол хорооныхон зарим өрхүүдээ бүртгэлжүүлж дуусах биз.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж