Малын бүлэг хулгайчийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Малын бүлэг хулгайчийг илрүүлжээ

Малын хулгайч нарын арга үйлдэл нарийсч, сүлжээнд орсон талаар малчид ярьдаг. Тэгвэл өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд бүлэг малын хулгайч нарыг илрүүлжээ. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн тодорхой хувийг эзлэх болсон малын хулгайг таслан зогсоох үүднээс эрүүгийн цагдаагийн газраас аян зарлаад байгаа. Энэхүү аяны хүрээнд хэд хэдэн хэргийг илрүүлсэн. Эрүүгийн цагдаагийнхан өнөөдөр аймаг дамжин хулгай хийдэг гурван этгээдийг үйлдэл дээр нь баривчилсан байна. Эдгээр хэрэгтнүүд малыг хэрцгийгээр алдаг байжээ. Тэд  шөнийн цагаар болон бэлчээрт идээшиж байгаа малын гэдсийг нь амьдаар нь  хуу татаж, алдаг байжээ. Малын хулгайчид хүн бүл муутай ядарсан хөгшид, араас нь татлаа түтлээ болохооргүй айл өрхүүдийг онилдог бөгөөд баригдсан тохиолдолд хулгайлсан малчдын хохирлыг барагдуулах боломжгүй байдаг учраас хамгийн хүнддээ л 3-5 жилийн ял авдаг байна.

Цагдаагийнхны хэлж байгаагаар өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 652 малын хулгайн хэрэг гарсан бол энэ оны эхний есөн сард 759 малын хулгайн гэмт хэрэг гарчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад эрс нэмэгдсэн тоо аж. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баяр ёслолын өдрүүд, цагаан cap, улсын баярын үеэр махны хэрэгцээ нэмэгдэж үүнтэй холбогдуулан малын хулгай улам гаардаг байна. Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Булган, Дорноговь аймагт малын хулгай их гардаг бөгөөд үүнд таван хошуу малаас зонхилон бод мал буюу адуу, үхэр ихээр өртдөг байна. Туулах чадвар сайтай байдаг учраас адуу хулгайлагдах нь их байдаг байна. Харин малчид хоёроос гурван өдрийн дараа алдсанаа мэдэгддэг. Ингэснээр хэргийг илрүүлэхэд хүндрэл учрах төдийгүй хугацаа алддаг гэнэ. Мөн зарим тохиолдолд иргэд алдсан малаа бүртгүүлэхээр унаа тэрэг хөлслөн төв суурин руу олон дахин явах нь төвөгтэй санагдаж, цагдаад мэдэгдэлгүй орхих нь цөөнгүй байдаг хэмээн цагдаагийнхан мэдээлсэн юм.

"Eagle news" TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж