Авто тээврийн байцаагчдын эрхийг сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Авто тээврийн байцаагчдын эрхийг сэргээжээ

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” компанийн тээвэрлэлтэд  шалгалт хийж, үйл ажиллагааг нь  зогсоох хүртэл арга хэмжээ авсан авто тээврийн газрын нэр бүхий таван байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү өнгөрсөн оны аравдугаар сард эргэн сэргээсэн байна.

Дорнын талаас нефть олборлон Хятад улс руу импортодог “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаанд өнгөрсөн зургадугаар сард шалгалт хийхдээ өөрсдийн хяналт шалгалт хийх ёсгүй салбарынхаа нөхцөл байдлаар дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр авто тээврийн газрын таван байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү түдгэлзүүлээд байсан юм. Ингэснийх нь төлөө Р.Содхүү даргыг байцаагч нар нь эргээд Захиргааны хэргийн шүүхэд өгсөн нөхцөл байдал өнгөрсөн намар үүссэн. Иймдээ хүрсэн ч Мэргэлжийн хяналтын ерөнхий газрын дарга энэ байцаагч нарын эрхийг сэрээхгүй, бусад байцаагч нарт сургамж болно гэж гүрийж байсан юм.

Энэ талаар Авто тээврийн газрын тээвэр зохицуулалт, сургалтын хэлтсийн дарга Д.Батбаатараас тодруулахад “Монгол улсын байгалийг харамлаж, Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг шаардсаныхаа төлөө ажлаасаа салахдаа дөхсөн байцаагч нар “Петрочайна дачин тамсаг” компанийн Хятад дахь удирдлагыг өрөөндөө ирүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон актыг хүлээлгэн өгч 10 гаруй зөрчлөө арилгах шаардлагыг тавьж байсан юм. Өнгөрсөн зуны шалгалтын дүгнэлтээр “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг арваад хоног зогсоосон. Гэхдээ өдөртөө 200 сая төгрөгийн орлогыг Монгол улсад оруулж байдаг энэ компанийн үйл ажиллагааг ингэж урт хугацаагаар  хязгаарлах нь боломжгүй гэсэн үндэслэлээр үйл ажиллагааных нь эрхийг дахин сэргээсэн” хэмээв.

"Eagle news" TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж