Албан тушаалтнуудыг томилуулахаар саналаа хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Албан тушаалтнуудыг томилуулахаар саналаа хүргүүлжээ

Төрийн албаны зөвлөл нь энэ оны анхны хуралдаанаараа төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах, маргаан хянан шалгах комиссын  дүгнэлт, Архангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилох зэрэг  асуудлыг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газраас Барилгын хэлтсийн даргын, Цөмийн энергийн газар Цөмийн материалын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтанд дүгнэлт гаргуулах саналыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байсан. Дээрх саналуудыг судлан үзээд, Л.Батжавыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын  даргын, Ц.Төгсжаргалыг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Барилгын хэлтсийн даргын, П.Баттөрийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж санал болгожээ.

Харин Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэ-Очироос ирүүлсэн гомдол мөн үүнтэй холбогдох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2011 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн “Гомдлын тухай” 22 дугаар тогтоолыг авч хэлэлцээд хүлээж аваагүй байна. Ингэхдээ Ж.Эрдэнэ-Очирыг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 261 дүгээр тушаал, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2011 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн “Гомдлын тухай” 22 дугаар тогтоолыг үндэслэлтэй  гэж үзэж, түүнийг тохирох албан тушаалд томилохыг Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгожээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж