Гурван сайдыг бүлгээс томилох шийдвэрт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Гурван сайдыг бүлгээс томилох шийдвэрт хүрчээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад зургаан сайдын гурвыг бүлгээс, мөн гурван сайдыг гаднаас томилох шийдвэрт хүрчээ. Чухам хэн, хэнийг сайдаар томилох вэ гэдэг эцсийн шийдэлд хараахан хүрээгүй гэх мэдээлэл байгаа ч энэ долоо хоногийн эхний өдрүүдэд нэр дэвшигчид тодорч, гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхийлөгчтэй энэ талаар санал солилцоно гэх мэдээлэл ч ирлээ. 

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд С.Батболдтой биечлэн уулзах үеэрээ Тэргүүн шадар сайд хийгээд дэд сайд нар хэрэггүй гэдэг зөвлөмжийг өгсөн юм. Харин Удирдах зөвлөлөөс шийдсэнээр бол Тэргүүн шадар сайдын албан тушаалыг хэвээр хадгалж харин дэд сайд нарыг байхгүй болгохоор шийдсэн гэх. Мөн зарим мэдээллийн хэрэгслүүдийн бичиж, нэр дэвшүүлж буйгаар Сангийн сайдад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Байгаль орчны сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Батлан хамгаалахын сайдад Х.Жекей нарыг нэр дэвшүүлж байгаа аж. Тэгвэл Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар нэр дэвшинэ гэж байна. Харин эртнээс Батлан хамгаалахын сайдад нэр нь дуулдсан Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайдад зүтгүүлэхээр болжээ. Хэрвээ Ерөнхийлөгч анх хэлснээрээ “Хүн томилох хэрэггүй” гэвэл эрхэм гишүүн давхар албагүй үлдэх юм.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж