МАН-ын Удирдах зөвлөл амралтын өдөр хуралдаад Бага хурлаа зарлан хуралдуулах шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ цаг хугацааг нарийвчлаагүй аж. Ямар ч байсан нэгдүгээр сарын 20-д орчимд гэсэн ерөнхий багцаа гаргажээ.
МАН нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр Бага хурлаа зарлан хуралдуулж, бүтцийн асуудлыг авч хэлэлцэж байсан юм. Ингэхдээ Бага хурлын гишүүнээрээ 14 хүнийг шинээр багтааж, мөн албан ёсны хийгээд албан бус нарийн бичгийн дарга нарыг томилж байлаа. Харин энэ удаагийн Бага хурлаар Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч, МАН нэгэнтээ олонхиороо засгаа тэргүүлэх болсон учраас үлдэж буй хугацаанд юуг хамгийн тэргүүнд шүүрч авч хийж, сонгогчдоос оноо авах шаардлагатай сонгууль хүртэл ямар арга тактикаар ажиллах вэ гээд нарийн ширийн зүйлүүдээ ярилцах бололтой.
Г.Дарь