Шатахууны үнийг бууруулж, төрөөс дэмжих асуудлаар Нигерийн Засгийн газар, үйлдвэрчний эвлэлүүд тохиролцоонд хүрч чадсангүй. Тус улсад өнгөрсөн долоо хоногт шатахууны үнийг хоёр дахин нэмсэнээс болж бүх нийтийг хамарсан ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал болсон юм. Нигерийн Засгийн газар газрын тосны үнийн хөнгөлөлтийг зогсоосноос болж шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэн аж. Бүх нийтийн ажил хаялтаас болж тус улсын эдийн засаг хэдийн хэдэн тэрбумын алдагдалд ороод байна. Нигерийн хөдөлмөрийн конгрессын тэргүүн өчигдөр мэдэгдэл хийж, Засгийн газар, үйлдвэрчний эвлэл зөвшилцөлд хүрээгүй ч хэлэлцээ мухардалд орсон гэсэн үг биш гэжээ. Тэрбээр мөн “Бид Засгийн газартай хэлэлцээний ширээнд дахин суух болно. Бидний байр суурь бол шатахууны үнийг бууруулвал бид ажил хаялтыг зогсооно” гэжээ. Дэлхийн газрын тосны зургаа дахь том үйлдвэрлэгч Нигерид газрын тосны салбар дахь ажил хаялт цаашид үргэлжилвэл газрын тосны зах зээлд сөрөг үр дагавар гарч ирнэ гэж ажиглагчид үзэж байгаа юм. Хүн амын дийлэнх нь нэн ядуу Нигерийн Засгийн газар газрын тосны үнийн хөнгөлөлтийг үгүй болгосон нь сүйрэл дагуулах шийдвэр болоод байна. Газрын тосны үнийг хямд байлгахын тулд жилд найман тэрбум ам.доллар зарцуулдаг Нигерийн Засгийн газар энэ мөнгийг дэд бүтцээ сайжруулж, нийгмийн халамжид зарцуулах нь зөв гэж үзэж байгаа юм. Нигерийн улсын орлогын 80 хувийг тосны үйлдвэрлэлийн ашиг бүрдүүлдэг. Гэвч хээл хахууль, буруу менежментийн бодлогын харгайгаар газрын тосоо шатахуун болгож, импортлох боломж нь улам хомсдож байгаа юм байна.
Н.Энх