Италид 4,000 зорчигчтой хөлөг живжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Италид 4,000 зорчигчтой хөлөг живжээ

Италийн эргийн ойролцоо 4,000 гаруй зорчигчтой “Costa Concordia” хөлөг осолджээ. Эрлийн ажил одоо ч үргэлжилж байгаа бөгөөд 40 гаруй хүн сураггүй болсон байна. Аврах багийнхан осол болсноос хойш 24 цагийн дараа  нэгэн солонгос хосыг аварчээ. Тэд бал сарын аялал хийн, “Costa Concordia”  хөлгөөр аялж байсан аж. Цаг агаар тайван тогтуун байхад учир битүүлэг шалтгаанаар осолдсон “Costa Concordia” хөлгийн ахмадыг баривчлан, ослын шалтгааныг тогтоох мөрдлөг явуулж эхэлсэн гэнэ. Эрлийн багийнхан хөлгийн гурван зорчигч амиа алдсаныг олжээ. Тэдний хоёр нь Францын аялагч, нэг нь хөлгийн багийн гишүүн Перу хүн байжээ. Ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэн бөгөөд хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Хөлөг онгоц өчигдөр буюу бямба гаригийн орой хажуу хэсгээрээ живж эхэлжээ. Солонгосын хоёр иргэн хөлгийн хоёрдугаар давхарт аюулгүй газар байхад нь эрлийн багийнхан олсон байна. Тэднийг эрэгт гаргасан бөгөөд бие нь сайн байгаа гэнэ. Хөлөг осолдох үед далай руу унасан хүмүүсийг олохоор аврах багийн шумбагчид осол болсон тэр газрыг самнаж байна. “Costa Cruises” компанийн өмч болох уг хөлөг онгоц Газар дундын тэнгист долоо хоног тутам аялал хийдэг бөгөөд өнгөрсөн баасан гаригт ээлжит аялалдаа гарахаар Ром хотоос холгүй орших  “Civitavecchia”-аас хөдөлсөн байна. Хөлөг онгоцонд юу тохиолдсоныг хэлэхэд эрт байгаа бөгөөд тус хөлөгт хад мөргөж, цахилгаангүй болж байсан туршлага бий гэж “Costa Cruises” компанийн эзэн Жианни Онорато ярьжээ. Гэрчүүдийн ярьснаар осол болох үед яг л кинонд гардаг шиг аяга тавганууд шалан дээр унаж, хүмүүс үймж сандран гүйлдэж эхэлжээ. Гэвч хөлөг хоромхон зуурт  хажуу бөөрөөр онхолдсон тул аврах завь бэлтгэх тухай бодож ч амжаагүй байна. Хөлгийн ахмад 52 настай Францеско Шеттино Costa Cruises компанид 11 жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж