”Би хамгийн этгээд нь байхыг хүсдэг”

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

”Би хамгийн этгээд нь байхыг хүсдэг”

Анхныхаа уран бүтээлийг “I Kissed A Girl” дуугаар эхэлж, олны гайхшралыг төрүүлж байсан залуу дуучин Кати Перригийн www.snmag.com сайтад өгсөн ярилцлагыг толилуулж байна.

-Та уран бүтээлээ ижил хүйстнүүдийн тухай маргаантай сэдвээр эхэлсэн. “I Kissed A Girl” дууны тухай яриагаар ярилцлагаа эхэлье?

-Тийм ээ. Би улиг болсон сэдвээр дуулж эхлэхийг хүсээгүй. Зарим хүмүүс энэ дууг сонин гаж ч гэмээр сэдвийг хөндсөн. Нийгмийн зарим хэсгийг өдөөн хатгасан шинжтэй дуу байна лээ гэж байсан. Тэгээд ч поп урсгал гэдэг бол үргэлж сонирхолтой зүйлсийг хүмүүст хүргэх ёстой стиль шүү дээ. Поп урсгалын эцэг эх Мадонна, Элвис нараас би бүр сонирхолтой, содон байх гэсэн юм.

-Дууны тань үгэнд ижил хүйстнүүдийн тухай өгүүлсэн байдаг. Ингэж хамаагүй цацаж болох болов уу?

-Ижил хүйстнүүд, бэлгийн өөр чиг хандлагатай хүмүүсийн тухай мэдээллийн хэрэгслүүдээр буруу мэдээлдгийг би мэддэг учраас тэдний тухай зөв мэдээллийг өгч, өөрөөсөө битгий ичээсэй гэсэндээ ийм дуу гаргасан. Ихэнх хүмүүс энэ тухайгаа нууж хаадаг. Хэрвээ энэ дууг болоод ижил хүйстний түүхийг сонсоогүй бол өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг нуух л байх.

-Өөрийгөө зугаацуулахаар л маргаантай сэдвийг сонгосон гэж ойлгож болох уу?

-Би сонирхолтой, зугаатай зүйлсийг үргэлж эрж хайдаг болохоор хэзээ ч уйдаж байсангүй. Уйдсандаа энэ сэдвийг сонгосон гэвэл хэт өрөөсгөл болно. Надад энэ сэдэв их эмзэг санагддаг учраас, мөн арай нэг өөр байдлаар дуу гаргахыг хүссэн л гэж болно.

-Цаашид уран бүтээлчидтэй хамтрах бодол байна уу?

-Тийм ээ. Келвин Харрис, Бэн Фолдс нартай хамтарна.

-Дараагийн шинэ уран бүтээлээ эхлүүлсэн үү. Бодсон төлөвлөсөн зүйлээсээ сонирхуулаач?

-Би үргэлж л бодож явдаг. Дараагийн уран бүтээлээ бодсон байгаа. Зөндөө зүйл төлөвлөсөн байна. Тухайн үед болно биз.

-Тэгвэл цаашид ямар сэдвээр дуулж хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхээр бэлтгэж байна вэ. Хайр, уй гашуу, зөрчилт сэдэв гэх мэт?

-Хайрын өвчин. /инээв/ Хайраас болж хүмүүс хэрхэн зовж шаналж байгаа тухай бичих нь надад их амархан. Хүн бүр энэ сэдвийг сэтгэлээсээ, зүрхнээсээ хүлээж авдаг. Мэдээж хайраас хэн ч ангид байдаггүй. Миний амьдралтай ч, таныхтай ч салшгүй холбоотой.

-Дуучин болохоос өмнө юу хийдэг байсан бэ?

-Би Санта Барбарад ирээдүйн бүжигчдийг бэлтгэх сургалт явуулдаг байсан.  Би ямар ч байсан л нэг юмаараа хүмүүсийн анхаарлыг татчихдаг байсан. Хувцаслалт ч юм уу аль нэг талаараа. Тэр үед ч гэсэн би хувцаслалтын тал дээр хатуу, буурь суурьтай нэг хэвийн байдалд баригдах дургүй байсан.

-Хүмүүс чамаас тасралтгүй асуудаг нэг асуултыг нэрлээч?

-Миний анхны уран бүтээл гарснаас хойш нэг асуултыг хаана ч явсан хүн болгон асуудаг болсон. “Чи үнэхээр охин үнссэн үү” гэж. Би үгүй ээ л гэдэг. Би бол залуу, шинэхэн уран бүтээлч. Хүмүүсийн асуултад хариулах нь миний ажлын нэг хэсэг гэдэг нь мэдээж. Гэвч би сэтгүүлч байсан бол онлайнаас олон зүйлийг уншиж байгаад үүнээс өөр, сайн хариулт авч чадахуйц асуулт асуух байсан даа гэж боддог юм.

Б.Золзаяа

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж