С.Мияарагчаа ”Мастерс”-ын хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа ”Мастерс”-ын хошой аварга боллоо

Казахстаны Алматы хотноо өнөөдөр
эхэлсэн жүдо бөхийн "World Masters" тэмцээний 66 кг-ын жинд Монголын
хоёр тамирчин аваргын төлөө барилдаж, ОУХМ С.Мияарагчаа Афины олимпийн хүрэл медальт,
дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
Х.Цагаанбаатар нар дэлхийн шилдгүүдийн тулааныг байлдан дагууллаа. Аваргын алтан медалийн төлөөх барилдаанд ОУХМ С.Мияарагчаа Х.Цагаанбаатарыг  цэвэр ялснаар жин, жингийн шилдэг 16 бөх
урилгаар оролцдог нэр хүндтэй, чансаа өндөр тэмцээний хошой аварга
боллоо. Ингэснээр тэрбээр чансааны 400 оноо нэмж байгаа бол Х.Цагаанбаатар 240 оноогоор
чансаагаа ахиулах боломжтой болж байна. 2010 онд болсон анхны "Мастерс"-т аваргалж байсан тэрбээр
энэ удаад эхний тойрогт
Францын Луи Корвалтай
оноолт таарч, цэвэр дийлсэн бол удаахь барилдаандаа ОХУ-ын шилдэг бөх
Муса Могушковыг цэвэр, улмаар Японы жүдоч Моришита Жунпейг дахин цэвэр
ялж, финалдсан.

Харин ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хороо, "Оюутолгой" компанийн элч тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын тухайд эхний тойрогт Азербайжаны Тарлан Каримовтой барилдаж,
вазари үнэлгээгээр, дараа нь Армяны бөх Армен Назаряныг вазаригаар
ялснаар хүрэл медалийн болзол хангасан. Улмаар өнгөрсөн жилийн дэлхийн
аварга, Японы Масаши Эбинумаг юүко үнэлгээгээр ялж, аваргын төлөө
барилдах эрхтэй болсон юм.

Жин,
жингийн шилдэг 16 бөхийн халз тулаанд 66 кг-ын жинд ийнхүү Монголын
жүдочид ноёрхож, алт, мөнгөн медалийн тавцанг эзэллээ. Х.Цагаанбаатар,
С.Мияарагчаа нар хагас шигшээ барилдаанд хоёул Японы бөхчүүдийг буулган
авсан бөгөөд энэ жинд Монгол болоод Японы тамирчид медалийн тавцанг
бүрдүүлэв. Түүнчлэн хагас шигшээд шалгарсан дөрвөн бөхийн гурав нь
сүүлийн гурван жилийн дэлхийн аваргууд байлаа. 2009 онд Голландад болсон
ДАШТ-д Х.Цагаанбаатар түрүүлж байсан бол 2010 онд Японы жүдоч Моришита
Жунпей нутагтаа, харин өнгөрсөн жил Масаши Эбинума Парисын татамид
дэлхийн аварга болж байсан билээ.

Тэмцээний эхний өдөр буюу
өнөөдөр хөнгөн жингийн, тодруулбал, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг,
эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жинд аваргууд тодорсон. Эдгээр жинд
Монголын баг тамирчдаас 60 кг-д Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, 66
кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, 73 кг-д С.Ням-Очир, 48 кг-д
М.Уранцэцэг, 52 кг-ын жинд М.Бундмаа, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар
барилдлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд
ОУХМ Ч.Болдбаатар тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Еркебулан
Коссаевтай эхний барилдаанаа хийж, вазари үнэлгээгээр ялагдсан бол мөн
тус жинд ОУХМ Г.Болдбаатар БНСУ-ын бөх Чой Гван-Хёнтой барилдаж,
шүүгчийн саналаар ялагдал хүлээснээр тэмцээнийг орхисон  байгаа. Харин
73 кг-д ОУХМ С.Ням-Очир эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт дэлхийн
хошой аварга, олимпийн мөнгөн медальт, БНСУ-ын  бөх Ван Ки-Чуньтай
барилдаж, ялагдсан. Эмэгтэйчүүдийн тухайд хамгийн хөнгөн жин болох 48
кг-д ОУХМ М.Уранцэцэг
эхний барилдаанд дэлхийн аварга Томоко Фүкүмид цэвэр ялагдсанаар
тэмцээнээ дуусгасан бол 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойрогт
хийлсэн ч хоёрдугаар тойрогт Бельгийн жүдоч Илсе Хейленд цэвэр
ялагдсан. 63 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Ц.Мөнхзаяагийн тухайд эхний
барилдаандаа Хорватын тамирчин Марияна Мисковичйг юүко үнэлгээгээр ялсан
ч удаахь барилдаандаа Голландын Аника ван Эмденд юүкогоор дийлдэж, энэ
жилийн "Мастерс"-ыг орхисон.

Нийт 200 мянган ам.долларын шагналын
сантай "World Masters" тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш үлдсэн
жинд аваргууд тодорно. Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн -100 кг-д
Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат
тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн нар, эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ
П.Лхамдэгд нар зодоглоно.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж