Хоёр тамирчин хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Хоёр тамирчин хүрэл медалийн болзол хангалаа

Казахстаны Алматы хотноо өнөөдөр эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр "World Masters" тэмцээний 66 кг-ын жинд барилдаж буй Монголын хоёр жүдоч хоёулаа хүрэл медалийн болзол хангаад байна. Жин, жингийн шилдэг 16 бөхийн халз тулаанд 66 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болжээ.

Өнгөрсөн жилийн "Мастерс"-ын аварга Х.Цагаанбаатарын тухайд эхний тойрогт Азербайжаны Тарлан Каримовтой барилдаж,
вазари үнэлгээгээр ялсан. Улмаар Армяны бөх Армен Назаряныг вазаригаар ялснаар медалийн тавцанд гарах эрхтэй болжээ. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы бөх Масаши Эбинуматай барилдана. Мөн энэ жинд зодоглож буй С.Мияарагчаа мөнгөн медалийн төлөө мөн Японы бөх Моришита Жунпейтэй хүч үзнэ. Тэрбээр эхний тойрогт Францын Луи Корвалтай
оноолт таарч, цэвэр дийлсэн бол удаахь барилдаандаа ОХУ-ын шилдэг бөх Муса Могушковыг дахин цэвэр ялжээ.

Хэрэв манай хоёр тамирчин тус тусын учраагаа буулган авбал хоорондоо аваргын төлөө барилдах юм. Ямартай ч гурав дахь жилдээ болж буй "Мастерс" тэмцээний 66 кг-ын жинд Монгол болоод Японы тамирчид медалийн тавцанг эзлэх нь тодорхой болоод байна.

Сануулахад, 2010 онд болсон анхны "Мастерс"-т С.Мияарагчаа, харин өнгөрсөн жил Х.Цагаанбаатар 66 кг-д аваргалсан билээ.

Өнөөдөр барилдсан Монголын бусад жүдочдын тухайд хэсгийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгаад байна

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж