Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар яллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар яллаа

Олон улсын жүдо бөхийн холбооны “World Masters” тэмцээн Казахстаны Алматы хотноо өнөөдөр эхэллээ. Жин, жингийн шилдэг 16 бөх зодоглох тус тэмцээнд Монголын жүдочдоос эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд 11 тамирчин зодоглож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн жингийн, тодруулбал, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жинд аваргууд тодорно. Энэ өдөр Монголын баг тамирчдаас 60 кг-д Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, 73 кг-д С.Ням-Очир, 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-ын жинд М.Бундмаа, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар барилдаж байгаа юм.

Хэсгийн барилдаан өнөөдөр 12.30 цагт эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Монголын жүдочдоос 66 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар эхний өрсөлдөгчөө ялаад байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Ч.Болдбаатар тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Еркебулан Коссаевтай эхний барилдаанаа хийж, вазари үнэлгээгээр ялагдсан бол мөн тус жинд ОУХМ Г.Болдбаатар БНСУ-ын бөх Чой Гван-Хёнтой барилдаж, шүүгчийн саналаар ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо.

Харин 66 кг-ын жинд хүч үзэж буй өнгөрсөн жилийн “Мастерс”-ын аварга Х.Цагаанбаатар Азербайжаны Тарлан Каримовтой эхний тойрогт барилдаж, вазари үнэлгээгээр яллаа. Тэрбээр өмнө 2010 оны дэлхийн аваргаар Азербайжаны бөхийг ялж байсан билээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь Армяны Армен Назарян байх юм. 2010 онд болсон анхны “Мастерс”-т аваргалж байсан ОУХМ С.Мияарагчаагийн тухайд Францын Луи Корвалтай эхний тойрогт оноолт таарч, цэвэр дийллээ. Одоо тэрбээр ОХУ-ын шилдэг бөх Муса Могушковтой барилдана.
73 кг-ын жинд барилдах С.Ням-Очир одоогоор эхний барилдаанаа хийгээгүй байна. Эхний тойрогт хийлсэн манай тамирчин хоёрдугаар тойрогт дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт Ван Ки-Чуньтай барилдана.

Эмэгтэйчүүдийн тухайд хамгийн хөнгөн жин болох 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг эхний барилдаанд дэлхийн аварга Томоко Фүкүмид цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол Гавьяат тамирчин М.Бундмаа /52 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар хараахан барилдаагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж