Шинэ сайдуудад “альтернатив” хувилбар гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Шинэ сайдуудад “альтернатив” хувилбар гаргажээ

МАН-ын удирдлага энэ амралтын өдрүүдэд эзгүйрсэн зургаан сайдын суудалд нэр дэвшигчдийг тодруулах асуудлаар санал солилцсоор байгаа аж. Ойр эх сурвалжийн мэдээгээр ирэх долоо хоногийн лхагва гаригаас хэтрүүлэлгүй шинэ сайдуудын нэрсийг тодруулах аж.

АН сонгуулиас өмнө Засгийн газраас гарна гэдгийг МАН мэдэж байсан, сайд болохыг мөрөөдөгчид ч хангалттай байгаа боловч Н.Алтанхуяг даргын огцом мэдэгдэлд ууган намын удирдлага жаахан сандарсан тал бий гэнэ. Тиймээс АН-ын дарга мэдэгдэл хийгээд зургаа, ҮЗХ-ны шийдвэр гараад  гурав, АН-ын сайдууд өргөдлөө өгөөд хоёр хонож байхад МАН-аас нэг ч хүний нэрийг тодорхой гаргаж хэлээгүй байгаа юм.

МАН-ын удирдлага сайд нарыг УИХ дотроос, дэд сайд нарыг гаднаас гаргахаар хэлэлцэж байтал Монгол Улсын Ерөнхийлөгч МАН-ын даргыг баасан гаригт дуудан уулзаж сайд нарыг парламентын гаднаас томилох, харин тэргүүн шадар сайд, дэд сайд нарын албыг байхгүй болгох санал гаргасан юм. Ерөнхийлөгчийн энэ саналаас үүдэн МАН-ын удирдлага дахин шинэ хувилбар дэвшүүлэн хэлэлцэхээр болсон байна.

Засгийн газрын Тэргүүн шадар сайд, дэд сайд нар нь хамтарсан Засгийн газарт АН, МАН-ын 40:60 гэсэн харьцааг хангах үүднээс гаргаж ирсэн “эчнээ” маягийн албан тушаал байсан нь үнэн. Зарим том яамдад хоёр нам тус бүр нэг нэг дэд сайд томилуулсан.  Тиймээс УИХ-ын сонгууль хүртлэх ахархан хугацаанд эдгээр “илүү” албан тушаалд хүн томилохгүй байх нь төсөв, орон тоо, унаа, утасны зардал хэмнэх талтай.

Зургаан сайдаа томилоод өнгөрөх нь МАН-ын удирдлагад амар ч дэд сайдад “горьдож” байсан МАН-ын залуусын сэтгэлийг гонсойлгон намын даргын үүд хавиар “чимээ чагнан” эргэлдэхэд хүргэжээ.

Ерөнхийлөгчийн саналаас шалтгаалан МАН-ын удирдлага сайд нарт нэр дэвшүүлэхдээ УИХ-ын дотор гаднаас нэг нэг хувилбар гаргаж ирэхээр санал солилцож эхэлсэн сурагтай.

Тэгэхдээ Тэргүүн шадар сайд байна гэвэл УИХ дотроос томилно хэмээн үзэж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг “нөөц”-д авахаар ярилцсан дуулдана. Хэрэв Тэргүүн шадар сайдгүй байна гэвэл тэдний нэг УИХ-ын дэд дарга, нөгөө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга тул асуудал гарахгүй.

Харин сайд нарын тухайд Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр,  Зэвсэгт хүчний жанжин штабын дарга байсан Ч.Тогоо, Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн Д.Очирбат, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн асан Ц.Шийрэвдамба, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга нарын аль нэг, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Р.Буд нарын аль нэг, эсвэл Авто замын газрын дарга байгаад нэгдүгээр сарын 1-нд ажлаа өгсөн Б.Цэнгэл, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нарын нэрийг сойхоор “альтернатив” хувилбар бодож олоод байгаа гэх сураг Тусгаар тогтнолын ордон хавиас дуулдаж байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж