“Mongolian Open-2012” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

“Mongolian Open-2012” эхэллээ

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Mongolian Open” нэрээр шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, олон орны шилдэг тамирчдыг далласан билээ. Улмаар Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны тэмцээн, уралдааны хуанлид багтсанаар энэ жил FILA-д бүртгэлтэй “А” зэрэглэлийн албан ёсны олон улсын тэмцээн болж, зохиогдож буй “Mongolian Open-2012” тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд эхэллээ.

Анхны буюу өнгөрсөн 2011 онд зохион байгуулж байсан тус тэмцээнд 11 орны 300 гаруй тамирчин оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд ОХУ, АНУ, Япон, Хятад, Казахстан гээд 15 орны бөхчүүд Монголд хүрэлцэн иржээ. Онцлоход, БНАСАУ-ын баг тамирчид 20-иод жилийн дараа дахин манай улсад хөл тавьж буй юм.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 67 кг-ын жинд аваргууд тодорно. Хэсгийн барилдаанууд өглөө 09.00 цагт эхэлсэн. “Mongolian Open-2012” тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 16.00 цагаас болох бөгөөд нээлтийн ёслолын дараа шигшээ барилдаанууд болох юм. Харин маргааш үлдсэн жингүүд болох эрэгтэйчүүдийн 60, 74, 96 кг, эмэгтэйчүүдийн 51, 59, 63, 72 кг-ын жингийн барилдаан болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж