
Анхны буюу өнгөрсөн 2011 онд зохион байгуулж байсан тус тэмцээнд 11 орны 300 гаруй тамирчин оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд ОХУ, АНУ, Япон, Хятад, Казахстан гээд 15 орны бөхчүүд Монголд хүрэлцэн иржээ. Онцлоход, БНАСАУ-ын баг тамирчид 20-иод жилийн дараа дахин манай улсад хөл тавьж буй юм.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 67 кг-ын жинд аваргууд тодорно. Хэсгийн барилдаанууд өглөө 09.00 цагт эхэлсэн. “Mongolian Open-2012” тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 16.00 цагаас болох бөгөөд нээлтийн ёслолын дараа шигшээ барилдаанууд болох юм. Харин маргааш үлдсэн жингүүд болох эрэгтэйчүүдийн 60, 74, 96 кг, эмэгтэйчүүдийн 51, 59, 63, 72 кг-ын жингийн барилдаан болно.