“Мастерс”-ын сугалааг танилцуулъя

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

“Мастерс”-ын сугалааг танилцуулъя

Казахстаны Алматы хотноо жүдо бөхийн шигшмэл тамирчдын “World Masters” тэмцээн эхлэх гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбооны календарт багтсан тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаар жин бүртээ эхний 16-д бичигддэг бөхчүүд урилгаар оролцдог “Мастерс”-т Монголын жүдочид дараах байдлаар сугалаа татжээ.

60 кг-д хүч үзэх гурван бөхийн маань хамгийн өндөр чансаатай нь болох Д.Төмөрхүлэг харамсалтай нь биеийн байдлын улмаас Алматыг зорьж чадаагүй. Харин Ч.Болдбаатарын хувьд зохион байгуулагч орны бөх Еркебулан Коссаевтай эхний даваанд таарчээ. Түүний хувьд 2011 оны есдүгээр сард "Чингис хаан" дэлхийн цомд түрүүлэхдээ финалд Казахстаны Асхат Телманов хэмээх тамирчныг буулган авсан билээ. Ч.Болдоо казах жүдочийг аргалбал медалийн төлөөх барилдаанд энэ цаг үеийн шилдгийн шилдэг жүдоч хэмээх алдар хүртсэн Узбекистаны Ришод Собировтой тулна. Мөн энэ жинд хүч үзэх Г.Болдбаатар БНСУ-ын Чой Гван-Хёнтой учраа таарав. Тэрбээр 2009 онд Азийн аварга болохдоо энэ бөхийг хожиж байсан ч түүнээс хойш ялж чадаагүй байгаа. Чойгийн хувьд ч тивийн аваргад Г.Болдбаатарт хожигдсоноосоо хойш монголчуудтай таарсан барилдаан бүртээ ялалт байгуулсан. Г.Болдоо, Чой хоёрын ялагч нь медалийн төлөө сүүлийн гурван ДАШТ-ээс медаль авсан Японы Хироаки Хираока, Европын дэд аварга, ДАШТ-ий хүрэл медальт Армены Ховханнес Давтян нарын нэгтэй өрсөлдөнө.

Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 2010 оны ДАШТ-д таарч хожиж байсан Азербайжаны Тарлан Каримовтой эхний тойрогт хүч үзнэ. Европын аваргын мөнгөн медальтай энэ азербайжан жүдоч С.Мияарагчаатай гурвантаа таарахдаа хоёрт дийлдсэн юм. Х.Цагаанбаатар түүнийг хожвол Армены Армен Назарян, Казахстаны Сергей Лим нарын нэгтэй медалийн төлөө барилдана. Улмаар ОХУ-ын Алим Гаданов, Бразилийн Леандро Кунья, Японы Масаши Эбинүма, Францын Давид Ларос нарын шилдэг жүдочдын нэгтэй хагас шигшээд өрсөлдөх боломжтой. Өнгөрсөн жил шигшмэл жүдочдын Мастерс тэмцээнд аваргалсан манай бөх дахин түрүү булаацалдах магадлал тун өндөр харагдаж байна.

Нэг үе дэлхийн чансаанд дэд байрт бичигдэж явсан С.Мияарагчаа Францын Луи Корвалтай оноолт таарав. Анхдугаар Мастерсын аварга маань 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт энэ бөхтэй анх удаа учирч буй нь энэ бөгөөд Корвалийн хувьд Х.Цагаанбаатартай дөрвөн удаа тулахдаа нэг л удаа хожсон үзүүлэлттэй юм. С.Мияарагчаа франц бөхийг аргалваас ОХУ-ын Муса Могушков, Испанийн Сугои Уриарте нарын нэгтэй медалийн төлөө барилдана.

73 кг-д барилдах С.Ням-Очир дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт Ван Ки-Чуньтай эхний тойрогт таарлаа. 2011 оны сүүлчийн тэмцээн БНХАУ-ын Чиндаод болоход энэ хоёр бөх хагас шигшээд тааран Ван Ки-Чунь торгуулиар илүүрхсэн билээ. Тэгвэл 2012 оны эхний тэмцээнд тэд нэгийн даваанд хүч үзэх боллоо. С.Ням-Очир Чиндаод хийсэн барилдаандаа дүгнэлт хийж, давуу талаа тод гарган хожилд хүрэх аваас Францын Уго Легран, Польшийн Томаш Адамиец нарын нэгтэй медалийн төлөө өрсөлдөх юм.

-100 кг-д олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр алдарт Деннис ван дер Геестийн дүү, өдгөө Бельгийн нэрийн өмнөөс барилдаж буй Элко ван дер Геесттэй эхний тойрогт таарав. Европын хошой аваргын хэргэмтэй энэ залуу 2011 онд Парисийн их дуулгад манай бөхөд тахим өгч байсан юм. Аварга маань тэрхүү барилдаанаа давтаж чадвал Голландын Хенк Грол, Узбекистаны Рамзиддин Саидов нарын хожсонтой нь медаль булаацалдана.

Энэ жингийн нөгөө бөх Б.Тэмүүлэн зохион байгуулагч орны од тамирчин, дэлхийн аварга Максим Раковтой таарчээ. ДАШТ-ий алт, мөнгөн медальтай казах жүдоч олимпийн аварга Н.Түвшинбаяртай гурвантаа таарч, хоёр удаа хожсон бол Б.Тэмүүлэнтэй анх удаа гар зөрүүлэх гэж байна. Тэдний ялагч нь Францын Тьерри Фабре, Гүржийн Леван Жоржолиани нарын нэгтэй шөвгийн наймд хүч үзнэ.

Өнгөрсөн жилийн Мастерст халаасандаа орсон медалийн сүүлчийн мөчид харамсалтайгаар алдсан М.Уранцэцэг Алматыгийн татамид дэлхийн аварга Томоко Фүкүмигийн аманд очлоо. 2009 онд дэлхийн аварга болж, дараагийн хоёр жилд нь нутаг нэгт Харүна Асамид дийлдэн мөнгөн медаль дээр буусан Томоко 2010 оны Азийн наадмын хагас шигшээд Б.Бат-Эрдэнийг ялж байв.

52 кг-д 15 бөх барилдахаар болж, нэг жүдоч хөлс гаргалгүй шууд наймд үлдэх боломжтой болсон нь манай бөхөд таарлаа. Ийнхүү гоц мөргөж, шууд медалийн төлөө барилдах эрх олж авсан гавъяат тамирчин М.Бундмаа Португалын Жоана Рамос, Бельгийн Илсе Эйлен нарын нэгтэй шагналын тавцанд гарах эсэхээ шийдэн хүч үзэх нь. Энэ барилдаанд ялбал М.Бундмаа хагас шигшээд дэлхийн аварга Мисато Накамүратай барилдах магадлал өндөр байна.

63 кг-д Ц.Мөнхзаяа Европын аваргын хүрэл медальт, Хорватын Мариана Мисковичтой хүч үзнэ. Ерөнхийдөө эхний учраа боломжийн гэж хэлж болно. Түүнийг хожвол Голландын Аника ван Эмден, Бразилийн Мариана Сильва нарын ялсантай нь медалийн төлөө барилдах юм. Ван Эмден ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол Мариана Сильва залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай жүдоч.

-78 кг-д 2011 онд монгол жүдочдоос хамгийн олон алтан медаль хүртсэн П.Лхамдэгд дэлхийн аваргын алт, хүрэл медальт АНУ-ын Кайла Харрисонтой учраа таарлаа. Манай бөх Кайлаг 2009 онд БНСУ-ын Сүвон хотноо болсон Дэлхийн цомд хожиж байсан ба 2010 онд Узбекистаны Ташкентад болсон Дэлхийн цом, өнгөрсөн жил Парист зохиогдсон ДАШТ-д дийлдсэн билээ. Америк, монгол жүдочдын ялагч нь Германы Хайде Воллерт, Словенийн Анамари Веленсек нарын хожсонтой медалийн төлөө өрсөлдөнө.

"Алматы Мастерс-2012"-ын эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд болох ба Улаанбаатарын цагаар 12.30-д урьдчилсан барилдаанууд эхлэх ба 19.00 цагт хагас шигшээ, шигшээ барилдаанууд болох юм. 200 мянган ам.долларын шагналын сантай “Мастерс”-т түрүүлсэн бөх чансааны 400 оноо авах бол мөнгө, хүрэл мелальтнууд 240, 180 оноо нэмэх билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж