Элчин сайд Л.Дашпүрэв энэхүү арга хэмжээ нь монголын ард түмэн зах зээлийн эдийн засгийг цогцлон байгуулах, ардчиллын үнэт зүйлс, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, хүндлэх, дэлхийн бүх улс оронтой бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлуудыг эрх зүйн талаас нь баталгаажуулж өгсөн шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ойн өмнөхөн болж байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр хоёр орны харилцааны талаар ярихдаа, Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосоноос хойш өнгөрсөн 37 жилийн хугацаанд хоёр орон найрсаг харилцаатай явж ирсэн гээд ялангуяа Монгол орон ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр үеэс харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, сүүлийн жилүүдэд энэ харилцаа бүх салбарт өргөжих хандлагатай болж байгааг тэмдэглэв.
Тус арга хэмжээнд Монголын нэрт судлаач Б.Батбаяр Баабар оролцож, Монголын эртний болон өнөө үеийн түүхтэй холбоотой асуудлаар сонирхолтой яриа хийж, энэ талаар тавьсан асуултуудад дэлгэрэнгүй хариу өглөө. Монголыг танилцуулах арга хэмжээний үеэр Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, манай улс орны тухай баримтат кино үзүүлсэн ба танилцуулга, ном, товхимол тараав. Энэхүү арга хэмжээнд Тайландын Үндэсний Ассамблей дэх Тайланд-Монголын найрамдлын бүлгийн зарим гишүүд, ГХЯ-ны албан тушаалтнууд, Монголтой харилцаатай байгууллагуудын төлөөлөл, суудлаач, оюутнууд оролцов. Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг, Өргөмжит консул Т.Вивит, ЭСЯ-ны ажилтнууд, оюутнууд байлцав.
ГХЯ–нд болсон арга хэмжээ нь Монгол Улсыг тайландын олон нийтэд танилцуулахад тус дөхөм болсон бөгөөд цаашид ч ийм арга хэмжээг хамтран зохион байгуулж байх сонирхолтойгоо хоёр тал илэрхийллээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.