Өвлийн хотуудаас туршлага судална

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Өвлийн хотуудаас туршлага судална

“Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал”  уриан дор зохиогддог өвлийн хотуудын чуулганыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нээж үг хэллээ. Тэрбээр “өвлийн хотуудын холбооны гишүүн хотууд эрс тэс цаг ууртай, өвлийн улирал хатуу болдог нь бидний нийтлэг сул тал,  байгалийн давтагдашгүй хүчин зүйл боловч нөгөө талаас эвлэлдэн нэгдэж хамтын бэрхшээлээ даван туулахад цул хөшүүрэг болдог”  гэв.  Тэртээ 1981 онд энэ бүхнийг олж харж, эвлэлдэн нэгдэх арга замыг хайж эхэлсэн Япон улсын Саппора хотын хичээл зүтгэлийг бид мартах учиргүй. Холбоо үүсэн байгуулагдсанаас хойш өдгөө 10 гаруй орны 20 гаруй хотыг эгнээндээ нэгтгээд байна. Энэ удаагийн чуулганаар өвлийн үзэсгэлэн болон өвлийн хотуудын форум, шинэчлэлийн хөтөлбөр, холбоог өргөтгөх арга зам, зээл тусламжийн асуудлуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн цаг уурын өөрчлөлт, байгаль хамгаалах асуудалд анхаарал хандуулж, дэд хорооны хуралдааныг энэ сэдвээр явуулах юм.

Манай эрдэмтэд судлаачид мэргэжилтнүүдийн тооцоогоор ойрын ирээдүйд Улаанбаатар хотод хотжилт нилээд хурдацтай үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд хотын хүн амын тоо энэ оныхоос 40-60 хувиар өсөх төлөвтэй. Нийслэл хотын хүн амын эрчимтэй өсөлт, тэлэлт, хэт төвлөрлөөс шалтгаалан өвлийн улиралд утаа,  зуны улиралд тоосжилт, ус хөрсний бохирдол тулгамдсан асуудал болж буйг гишүүн хотын удирдлагууддаа дуулгалаа.

Улаанбаатар хот дулааны төвлөрсөн халаалтын тогтолцооны давуу тал хүндрэл бэрхшээлийг улам бүр мэдэрч байна.  Халаалтын энэ хүндрэлийг шийдэх гарцыг хайж байна.  Манай холбооны гишүүн хотуудын энэ чиглэлээрхи  туршлага бидэнд ус агаар шиг хэрэгтэйг илэн далангүй хэлье. Бидэнд хот байгуулалтын туршлага дутмаг. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжил хурдсаж, урьд өмнө шийдэж чадаагүй асуудалд анхаарал хандуулах бололцоо бүрдэж байна. Тиймээс нягт суурьшилтай, эрүүл хотын шинэ загварыг амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн өвлийн хотуудын туршлагаас бүтээлчээр суралцах нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн чухал арга гэж нээлтийн үгэндээ Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр онцлов.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж