Манай эрдэмтэд судлаачид мэргэжилтнүүдийн тооцоогоор ойрын ирээдүйд Улаанбаатар хотод хотжилт нилээд хурдацтай үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд хотын хүн амын тоо энэ оныхоос 40-60 хувиар өсөх төлөвтэй. Нийслэл хотын хүн амын эрчимтэй өсөлт, тэлэлт, хэт төвлөрлөөс шалтгаалан өвлийн улиралд утаа, зуны улиралд тоосжилт, ус хөрсний бохирдол тулгамдсан асуудал болж буйг гишүүн хотын удирдлагууддаа дуулгалаа.
Улаанбаатар хот дулааны төвлөрсөн халаалтын тогтолцооны давуу тал хүндрэл бэрхшээлийг улам бүр мэдэрч байна. Халаалтын энэ хүндрэлийг шийдэх гарцыг хайж байна. Манай холбооны гишүүн хотуудын энэ чиглэлээрхи туршлага бидэнд ус агаар шиг хэрэгтэйг илэн далангүй хэлье. Бидэнд хот байгуулалтын туршлага дутмаг. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжил хурдсаж, урьд өмнө шийдэж чадаагүй асуудалд анхаарал хандуулах бололцоо бүрдэж байна. Тиймээс нягт суурьшилтай, эрүүл хотын шинэ загварыг амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн өвлийн хотуудын туршлагаас бүтээлчээр суралцах нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн чухал арга гэж нээлтийн үгэндээ Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр онцлов.