ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн хэлснээр гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа ч гадаад зах зээл дээр үнэ өсч байгаа, эдийн засгийн хямрал болж буй зэргээс шалтгаалан цаашид өсч болохыг үгүйсгэсэнгүй.
Гишүүн Д.Ганхуяг Өрсөлдөөний тухай хууль батлагдаад жил хагас өнгөрч байхад хэрэгжилт тааруу, УИХ-ын даргад удаа дараа бичиг хүргүүлдэг ч үр дүн тааруу байгааг хэлж шатахууны үнэ өссөнд албан тушаалтантай бус Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар 2009 онд үнэ зохицуулах ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулж байгуулсан ч сая шатахууны үнийн өсөлт дээр үнэ өсгөх шийдвэр гаргасан нь буруу гэсэн хариултыг дахин өгсөн юм.
Гишүүн Л.Гүндалай Монголд шударга өрсөлдөөн байдаггүйг, ашигтай бизнесийн салбарууд бүгд олигархиудын гарт орсныг хэлж дэд сайд Б.Ариунсан дангаараа үнэ нэмэх мэдэл байхгүй. Эрх ч байхгүй. Ингэж битгий худлаа мэдээлэл хэлж бай хэмээн Ч.Хүрэлбаатар даргыг зэмлэлээ. Өрсөлдөөнөө чөлөөтэй болгохыг Л.Гүндалай гишүүн шаардсан юм.
Арав гаруй тэрбум төгрөгийн торгуулийг шатахууны үнэ нэмэгсдэд ногдуулна гэдгийг Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэв. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх гэхэд бусад хуультай зөрчилддөг гэнэ. Н.Алтанхуяг сайдын хэлснээр ямар ч Засгийн газрын түүхэнд дэд сайд байтугай жинхэнэ сайд дангаараа бензиний үнэ өсгөсөн түүх байдаггүй гэсэн юм. Засгаас АН гарна гэхээр МАН-ын хийж буй мэх гэж дээр нь нэмлээ.
Засгийн газрын цаг үргэлжилж байна.