Д.Амарсайхан, Б.Мандах нарыг ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Д.Амарсайхан, Б.Мандах нарыг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусч, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэл, мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргасан шалгалтын мэдээллүүдийг авч үзээд холбогдох албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, дэд дарга Ц.Амраа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Мандах, дэд дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Харин нефтийн бүтээгдэхүүний үнээ үндэслэлгүйгээр хэт өндөр нэмсэн импортлогч компаниудыг хуульд заасан хэмжээгээр торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ. Гэхдээ энэхүү торгуулийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын холбогдох улсын байцаагчаас гаргасан дүгнэлтийн дагуу тогтоох аж. Үүнд Засгийн газар оролцох эрхгүй. Өнгөрсөн хугацаанд нефть импортлогч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр нэмж, тэр бүрт нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас торгууль ногдуулж байсан ч төлсөн удаагүй гэнэ. Гэхдээ хуулиараа торгуулиа удаа дараа төлөөгүй тохиолдолд нефть импортлох эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй байдаг тул энэ дагуу явна гэдэг тайлбарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сая сэтгүүлчдэд өглөө.

Дашрамд сануулахад, нефть импортлогч компаниуд энэ сарын 6-нд шатахуун болоод авто бензиныхээ үнийг нэг литр тутамд нь 220-280 төгрөгөөр өсгөсөн юм. Үүнийг тэд валютын ханшийн өсөлтөөс хамаарч нэмсэн гэж мэдэгдсэн. Харин Монголбанкны зүгээс “Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж ам.долларын ханш өссөн. Хоёр жилийн өмнө ам.доллар 1450 хүрч байхад безин литр нь 1200 төгрөг байсан. Энэ удаад ам.доллар 1450 хүрэхэд 1900 төгрөгт хүрсэн нь үндэслэлгүй нэмэгдэл. Хоёр жилийн өмнө нефтийн бүтээгдэхүүнд Гаалийн татвар, Онцгой албан татвар аль, алиныг нь тогтоодог байсан. Харин одоо Засгийн газар дээрх хоёр татвараа 0 болгочихоод буй. Ийм үед нефть импортлогчид үнээ хэт нэмсэн нь ам.долларын ханшийн өсөлтөөс хамаараагүй” гэж байр сууриа илэрхийлсэн билээ. Гэвч Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хийгээд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Монгол банк ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж чадаагүйгээс нефть импортлогч компаниуд үүнийг овжноор ашиглаж, ашиг хөөсөн” гэж үзэж буй. Харин энэ удаад Засгийн газраас зөвхөн Газрын тосны газар хийгээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагуудад хариуцлага тооцохоор болж шийдвэрлэсэн.

Тиймээс “Монголбанкны удирдлагад яагаад хариуцлага тооцсонгүй вэ. Тодорхой хэмжээгээр төв банк арга хэмжээ авч чадаагүй байна гэдгийг УИХ дахь намын бүлгүүдээс гаргасан.  Тэр утгаараа төв банкны удирдлагуудад арга хэмжээ авах ёстой байсан юм биш үү” гэсэн асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Монголбанк бол УИХ-ын харьяа байгууллага. Засгийн газрын нэгэн адил УИХ-аас удирдлагыг томилдог. Нэг ёсны Засгийн газартай эн дүйхүйц эрх мэдэлтэй байгууллага учраас гүйцэтгэх засаглал тус  байгууллагад харьяаллаараа арга хэмжээ авах боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж