Япон Бирмийн эдийн засгийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Япон Бирмийн эдийн засгийг дэмжинэ

Японы худалдааны сайд Юкио Эдано Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч Аунг Сан Суу Китэй Янгон хотод уулзаж, тус улсын эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Аунг Сан Суу Кийн гэрт зочилж, түүнтэй уулзсан Юкио Эдано "Эдийн засгийг тогтворжуулснаар иргэдийн амьжиргаа дээшилдэг. Бид үүний төлөө хамтарч ажиллах болно” гэжээ. Японы засгийн газар Бирмийн цахилгаан эрчим хүчний систем,  дэд бүтцийг сайжруулж, худалдааны харилцааг өргөжүүлнэ гэж амлажээ. Аунг Сан Суу Ки эдийн засгийн хөгжлийн сөрөг үр дагавар байгаль орчинд аюул дагуулж болзошгүй гэж санаа зовж буйгаа илэрхийлсэн бол Эдано хариуд нь Япон байгаль орчныг нөхөн сэргээх замаар Бирмийн эдийн засгийг хөгжүүлэхэд хамтран ажиллах бүрэн бололцоотой гэжээ. Эданогийн айлчлал Японы худалдааны сайд сүүлийн 12 жилийн хугацаанд Бирмд хийж буй анхны айлчлал юм. 2000 онд Японы худалдааны сайд Такаши Фукаяа Олон улсын хуралд оролцохоор Бирмд очиж байжээ. Эданогийн айлчлалаас хэдэн долоо хоногийн өмнө Японы Гадаад хэргийн сайд Койчиро Гемба Бирмд мөн албан ёсны айлчлал хийсэн юм. Японы Худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн яам байгалийн асар их баялагтай Бирмийн эрчим хүч, эрдэс баялгийн салбарт Японы бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж