-Хамтарсан Засгийн газрын гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт ямар ахиц дэвшил гарав. Энэ хугацаанд хийсэн ажлаа дүгнэж хэлбэл?
-Өнөөдөр Эрүүл мэндийн салбарт 2008-2012 онд явуулсан Засгийн газрын үйл ажиллагааны биелэлтэд дүгнэлт хийх зөвлөгөөн болж байна. Нэгэнт Ардчилсан нам улс төрийн шийдвэр гаргаж, АН-ын сайд нар Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэдэг асуудал тавигдаж байгаа учраас би хамт олонтойгоо ярилцаад аймаг бүр ямар ажил хийсэн талаараа өнөөдөр тайлагнаж байна. Эрүүл мэндийн салбар өнгөрсөн гурван жил, дөрвөн сарын хугацаанд хийсэн ажлаа дүгнэхэд сайхан, сэтгэл өег байна. 2008 онд 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв хүлээж авч байсан бол 2012 онд 484 тэрбум төгрөгийн төсөвтэй салбар болсон. Гадаадын зээл тусламжийн тухайд өнгөрсөн хугацаанд 280 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бол эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын том үр дүн. Жишээ нь, АНУ-ын 39.1 сая ам.доллар, Италийн хүүхдийн эрүүл мэндийн төвийн төсөл Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг болон Хүүхдийн эрүүл мэндийн төвд хэрэгжлээ. Мөн Австри улсаас Хавдар судлалын төвд үзүүлсэн тусламж, Азийн хөгжлийн банкны 32 сая ам. Долларын зээлийн тусламж гээд төсөл хэрэгжлээ. Цаашдаа Хүн амын сан, Хүүхдийн сангаас маш олон төсөл хэрэгжихэрээ ярьж байна. Энэ бүхэн эрүүл мэндийн салбарын зөвхөн тоног төхөөрөмжийн шинэчлэл гэж ойлгох хэрэгтэй. БНСУ-аас үзүүлсэн 55 сая ам.долларын зээл гэхэд дэлхийн хамгийн өндөр технологи, тоног төхөөрөмж бүхий оношлогооны төв барина. Эдгээр хөрөнгө оруулалтаас гадна гадаад харилцаагаа маш сайн эдийн засагжууллаа, ДЭМБ-ын стратеги баталж, аймаг бүр стратегитай боллоо. Эрүүл мэндийн салбарын найман хуулийг УИХ-д өргөн барьж, дөрвийг нь батлууллаа. Үлдсэн дөрвөн хууль нь хүлээгдэж байна. Мөн ЭМЯ өөрөө Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар 30 хөтөлбөр, үүнийг дагасан хэдэн зуун удирдамжууд баталсан. Мөн 260 гаруй стандарт баталлаа. Үүний хэрээр Монгол Улсын хэмжээгээр бүтээн байгуулалтын ажил явагдсан гэж хэлж болно. Парк шинэчлэлийн хүрээнд улсын хэмжээнд 300 гаруй автомашин нийлүүлсэн зэргээс харахад өнгөрсөн гурван жилд төрийн бодлого эрүүл мэндийн салбарт санхүүжилтээ харамгүй өгсний илрэл. Хамтарсан Засгийн газар эрүүл мэндийн салбарт анхаарч ажилласныг харуулж буй хэрэг. Энэ бол миний гавьяа биш.
-Эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан хөрөнгө оруулалтын хэдэн хувийг бүтээн байгуулалтад зарцуулсэн бэ. Бодит ажил болсон бүтээн байгуулалт юу байна?
-Тоог нь хэлэхэд хэцүү. Жишээ нь Баян-Өлгий аймагт гэхэд 11 эмнэлэг шинээр баригдсан талаар тайланд дурдсан байна. Баянхонгор аймагт найм, Архангай аймагт бүх суманд эмнэлэг барьж, заримыг нь шинэчилсэн. 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна. Бүх аймагт бүтээн байгуулалт өрнөсөн. Улаанбаатар хотод гэхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, нэг, гуравдугаар эмнэлгүүд, нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Герентлогийн төв гээд ЭМЯ-ны харьяанд байдаг бүх эмнэлгүүдэд шинэчлэлийн бодлого явагдлаа. Та бүхэн мэдэж байгаа I, III амаржих газрын барилга цоо шинээр баригдаж байна. Дандаа 150 ортой. Мөн нийслэлчүүдэд зориулаад 350 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төв баригдаж байна. Эх нялхасын салбарт төрийн бодлого маш сайн хүрсэн. Өөрөөр хэлбэл, эхийн эндэгдэл 45 болтлоо буурна гэдэг том амжилт 0-1 насны 1-5 насны эндэгдэл гурван жил дараалан буурлаа.
-Монголдоо ганцханд тооцогдох Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачаалал их хэвээр байна. Энэ асуудалд цаашид хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
-Нялхсын асуудал маш эмзэг. Эх нялхсын төвийн ор хүрэхгүй байгаатай холбогдуулж л нийслэлчүүдийг салгаж байгаа юм. Улаанбаатарт 300 ортой эх хүүхдийн эрүүл мэндийн төв баригдаад 100 нялхас, 100 ээж төрнө гэж тооцоолж байгаа учир төрийн үйлчилгээг хөдөө орон нутаг руу чиглүүлэх боломж бүрдэнэ. Хөдөө орон нутаг руу энэ үйлчилгээг хүргээгүйгээс эх нялхсын эндэгдэл гараад байгаа юм. Ер нь бүх аймгуудад 50 ортой амаржих газар барина. Одоогоор 10 гаруй аймагт барьж байгаа бол цаашдаа бүх аймаг амаржих газартай болно.
-Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлсний асуудал өнгөрсөн хугацаанд анхаарал татсан хэвээр байлаа?
-Ерөнхийдөө 2008 онд УИХ-аас шийдвэр гаргаж, дундаж цалинг 300 мянгаас доошгүй болгосон. Эрүүл мэндийн салбарын доод цалин 218 мянга байгаа. Үүн дээр нэмэх гэж байгаа 80 мянган төгрөг болон 23 хувийн нэмэгдэл гээд улсын дунджаар 53 хувийн нэмэгдэл нийлээд эрүүл мэндийн салбарын хамгийн доод цалин 328 мянган төгрөг болж нэмэгдэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, 200 мянган төгрөгийн цалин авч буй хүн 367 мянга болж нэмэгдэх тооцоо гарч байгаа. Манайханд нэг бэрхшээл бий. Энэ бол үндсэн цалин. Салбарууд дээр энэ нь өөр өөр гараад байдаг нь орон тоогоо нэмсэнтэй холбоотой. Тэрнээс биш дундаж цалин тогтоож өгсөн сүлжээгээрээ бол 367 мянга хүрэх ёстой.
-Иргэн бүр сард 30 мянган төгрөгөөр үзлэг шинжилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ үйлчилгээ хүн бүрт хүрч чадаж байна уу?
-Бүх хүнд эрх бий. Эхний жил 500 орчим сая төгрөгийн үзлэг шинжилгээг иргэд хийлгэсэн бол дараагийн жил нь тэрбум төгрөгт хүрсэн байсан. Энэ жил 1.8 тэрбум гарсан байна. Энэ нь үзлэг оношлогоонд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйчилгээг хүртээмжтэй авч байгаагийн нэг илрэл. Үүнийг үнэ төлбөргүй үйлчилгээ гэж ойлгож болохгүй. Иргэний эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгийг иргэнд зарцуулж байна гэсэн үг. Үүнээс гадна өндөр өртөгтэй оношлогоог Хүний хөгжлийн сангаас хийх боломжтой болох талаар ярилцаж байна. Одоогийн бидний өргөн барьсан Даатгалын тухай хууль энэ ажиллагааг баталгаажуулна. Нэг иргэн эрүүл мэндийн даатгалаас 1.2 сая төгрөгөөр эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй. Үүний 30 мянган төгрөг нь шинжилгээ өгөхөд зарцуулагддаг. Шинээр гарах хуульд өндөр өртөгтэй оношлогоог эрүүл мэндийн даатгалаас төлнө гэж байгаа шүү дээ. Жишээ нь, 70 хувийг нь даатгалаас 30 хувийг нь өөрөө төлөх тогтолцоонд шилжинэ гэж ойлгож болно.