Ардчиллыг дархлагчид баярлаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Ардчиллыг дархлагчид баярлаж байна

Ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоогчид өнөөдөр 20 жилийн тэртээ 76 хоногийн их мэтгэлцээний дараа хаврын тэргүүн сарын шинэдийн шар морин өдөр эцэг хуулиа өлгийдөн авсанТөрийн ордны Их танхимдаа цугларан баярлаж байна. Тэр жил цагаан сар их эрт болжээ. Өдийд сар шинэ өнгөрчихсөн байсан байна. Тэр үеийн депутатууд үнэхээр ард олны төлөөлөл байсан нь өнөөдрийн цугларагсдыг харахад мэдэгдэж байна. Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, малчин депутат Б.Лхагважав, залуучуудын байгууллагаас сонгогдон төр түшсэн, өдгөөгийн УИХ-ын гишүүн С.Баярцогт, ажилчид, барилгачид, нэгдлийн дарга нар өнөөдөр их танхимд цугларан 20 жилийн тэртээхээ дурсч байна.

Шинэ Үндсэн хууль бол зөвхөн АИХ-ын депутат, УБХ-ын гишүүдийн бүтээл бус ард нийтээрээ гурван жил хэлэлцэн, 200 гаруй мянган хүний 900 мянга гаруй саналыг тусгажээ.

Ардын Их Хурлын дэд даргад ээж хүү хоёр нэр дэвшин ээж нь хүүдээ суудлаа өгч байсан нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Гал голомт төвийн тэргүүн Д.Мөнхөө гуай хоёр. Өнөөдөр ч ээж, хүү хоёр хундэтгэлийн арга хэмжээндээ оролцож байна. Д.Мөнхөө гуай албаны төв хэрнээ эрхэмсэг янзаараа. Ардын Их Хурлын эмэгтэй дэд дарга байсан их эмч Б.Жагай 20 жилийн өмнө олон гоё дээл сольж өмсөн халуун мэтгэлцээнд алжааасан эрчүүдийнхээ нүдийг хужирладаг байсан үеийнх шигээ орчин цагийн дэгжин загварын улбар ягаан дээлтэй жавхалзаж явна.

Тэр цагийн ид дунд насны гялалзсан эрчүүд явсан депутатуудын ихэнх нь үсэн буурал настнууд болжээ. Ерэн хувь нь 60 насны босго давсан байна. Хамгийн залуу депутат, Улсын Бага Хурлын гишүүн байсан, өдгөө ч УИХ-ын гишүүн хоёр бол тэр цагийн 23-тай С.Баярцогт, 25-тай Д.Балдан-Очир нар. Дөрвөн зуу гаруй депутатаас дөрвөн хүн бүрийн нэг ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гунигт тоо баярын энэ өдөр сэтгэл хөндүүрлүүлж байна. Ардын Их Хурлын дарга агсан Ж.Уртнасан тэдний дотор бий. Бас он дамнасан Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн дундуур хоёр депутат бурхны оронд одсон.

Алтан соёмбот медаль энгэртээ гялалзуулсан депутатуудаас өнөөдөр олон хүн төрийн дээд шагнал хүртэнэ. Тэднээс лав л Б.Моондой гавьяат болох сурагтай. Өнөөгийн ардчилсан нийгмийн хэм хэмжээг тогтоож, хуучин тогтолцоог халсан депутатууд өнөөдөр баярлаж байна. Гэхдээ тэд дуртай үедээ эцэг хуульдаа гар хүрч үхрийн бөөр болгохгүй байхыг өнөөгийн төрийн түшээдэд сануулахаа мартсангүй.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж