Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хүн ам өссөөр байхад цагдаагийн орон тоо буураад байдаг урвуу хамаарал бий. Энэ бол манай нийгмийн, тогтолцооны гажуудлын нэг жишээ. Нэгэнт хүн хүч хүрэлцэхгүй тул нэг биеэ хоёр хуваах шахуу юм болж байгаад 2008 оны УИХ-ын сонгуулийн ард гарчих юмсан гэсэн цагдаагийнхны хүлээлт талаар болж өнөөдөр тэднийг удирдаж байсан албан хаагчид хэрэгтний ширээний ард суухад хүрээд байна. УИХ-ын 2008 оны сонгуулийн санал тоолох мөч ирсэн тэр нэгэн “хар” үдшийг дурсахаас ч дургүйцмээр авч, долоон хүний халуун амийг авч одсон тэр хэрэг явдал чухам юу болж өнгөрснийг мэдэх хүсэл үнэнийг олох том зорилгод өөрийн эрхгүй хөтлөх аж.

…2008 оны зургаадугаар сарын 29-ний үдшийн 22 цаг болов. Санал хураалтын байрууд хуулийн дагуу хаалгаа барьж эхэллээ. Гэнэт санал өгөх эрхээ эдлэх ёстойг санасан, ухаарсан хэдэн зуун иргэн хэсгийн хороодын байрны хаалгыг хоёр тийш “олс татаж буй мэт” чангааж өдөржин хоолгүй зогссон хэдэн цагдаа нарын хөлсийг цувуулж бөөн юм болов. Цаг дууссанаас хойш хэсгийн байр руу хүн нэвтрүүлбэл тэд л “алуулах” тул хүч нэмэгдүүлж байж арай гэж хаалгыг нь хаалгасан. Гэтэл хэсгүүд хаалгаа барьсанаас хоёр цагийн дараа нийслэлийн төв талбайд “Бидний сонголт, бидний ялалт” нэртэй арга хэмжээг зохион байгуулахаар болж бас л “болно, болохгүй” гэж толхилцсоор 2008 оны зургаадугаар сарын 30-ны өглөөний нар мандав. Уг нь тэр үед буюу сонгуулийн хэсгүүд хаалгаа баримагц “сонгуулийн ялагч тодорсон байх” ямар ч боломжгүй гэдэг нь хэн хүнд ойлгомжтой билээ.

Гэтэл мөн өдрийн бага үдийн алдад “Сонгогчдын саналыг хэн нэгэн луйвардаад авчихсан” тухай  яриа гарч түүнийг илчилж олох гэж байгаа бололтой хүмүүс төв талбайд “Хэдийдээ бэлтгэчихдэг юм бэ” гэмээр олон уриа лоозон, туг далбаа бариад гарч ирэв. Тэр өдөржингөө л өөрсдийгөө нохой мэт гинжлэх, автомашины зам дээр завилж суун төв замыг хаах, сонгуулийн хороодыг “дарамтлах”, цагдаа нар руу хашгичих, тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх гэх мэтээр элдвийн ааш гаргасан тэдэнтэй зууралдсан. Талбайд туг лоозон барьсан хүмүүс гарч ирснээс хойш тун удаагүй байтал Баянзүрх дүүрэгт хэсэг нөхөд гэгээн цагаан өдрөөр хэд хэдэн хайрцагтай саналын хуудсыг булааж аваад зугатчихав. Саналыг нь жинхэнээсээ хулгайд алдчихгүйн тулд бас л манай хэд хөөж гүйж хөлсөө гоожуулж байж ашгүй нэг бариад авсан чинь нэгэн нэр дэвшигч өөрийн дэмжигчидтэйгээ хамт үүнийг үйлдсэн байсан нь хачирхалтай. Үүний учрыг маргааш нь өрнөсөн үйл явдал буюу 2008 оны долоодугаар сарын 1-ний хар өдөр л тайлсан юм. Өөрөөр хэлбэл урд өдөр нь хэдэн хайрцаг санал “хулгайлж” одохыг оролдсон нэр дэвшигч “хулгайлагдсан санал”-уудыг олох, нэхэх ажлыг удирдалцаж хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр үнэхээр хэн нэгэн саналыг нь “хулгайлчихсан” гэж ойлгогдохоор үг хэллэг хэрэглэн дэвэргэж байсаар манай улсын түүхэнд том хар толбо үүсгэсэн “долоодугаар сарын 1”-нд хүргэсэн дээ.

Тэгж илт дэвэргэж байсан телевизүүдийн цацалтыг болдогсон бол түр хаачихмаар байсан ч “Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон явдал” болох тул бүтээгүй билээ. Тэр хэдэн телевиз тийм олон цагаар ард олныг дуудаж цуглуулаагүй бол хүний амь нас эрсдэж, олон зуун цагдаа иргэд гэмтэж бэртэж, хохирохгүй байсан даа гэж одоо хүртэл бодогддог юм. Хүн гэдэг сониуч амьтан шүү дээ. Хаана л олуулаа бужигнаж байна, тэнд ямар ч зорилгогүй очно. Магадгүй хэн нэгнийг унагачихсан өшиглөцгөөж байвал бас нэг нэмэр болоод өшиглөчихдөг. Байдал эвгүйтээд баригдмаар шинжтэй болбол зугатчихна.

Энэ бол зөвхөн монголчууд бидний зан биш гэдгийг бид бараг бүтэн жил шахуу Арабын болон Европын зарим оронд ээлж дараалан өрнөж  байгаа эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй мөргөлдөөнөөс харж байна. Тийм учраас манай хэвлэл мэдээллийнхэн “сенсаац” хөөцөлдөхөөсөө илүүтэй “Бидний энэ дамжуулалт хэн хүнд хэрэг болох уу, гай болох уу” гэж бас бодож баймаар санагддаг юм.

Цагдаа тэр өдөр үнэхээр хүчин мөхөстсөн дөө. “Эрхээ эдэлж” чулуу, төмөр, бензинтэй шилээр хайр найргүй нүүлгэх, хайс төмрөөр сүлбэж, цагдаа нараас ганц нэгээр нь сугалж авч хаа таарсан газар нь юу таарснаараа цохиж, өшиглөж, балбаж, төмрөөр сүлбэх олон хөөрсөн залуусын эсрэг гар нүцгэн бид яаж ч чадаагүй нь үнэн. Өмнөх хэдэн жилд нь өндгөөр шидээд, поошиг нүдээд, цагдааг өшиглөж “бүлдэгдэгдээд”, хувцсыг нь урж, нулимаад сурчих­сан, олон жилийн хангалттай дадла­га туршлагатай “бүрэн эрхт иргэд” туршлагаа сурамгай нь аргагүй хэрэгжүүлсэн. Харин үүргээ гүйцэтгэж хуульд заасан арга хэмжээг авч ажилласныхаа төлөө прокурорын мөрдөнд дуудагдаж буруутгагдаж байсан цагдаа нар маань тэр өдөр эргэлзэнгүй, ноомойдуу байсан нь ч бас л үнэн. Ер нь ард цагдаа гэлтгүй тэр өдөр хэн ч бэлэн биш байсан. Галынхан ч тийм нөхцөлд гал унтраах үүргээ биелүүлэхэд бэлэн биш байсан учраас бүгдийн нүдэн дээр том байшин үнсэн товрог болсон. Төр засгийнхан, УИХ-ын тэр үеийн болон ирээдүйн гишүүд ч яахаа мэдэхгүй байсан. Үймээн самууныг өдөөгчид ч өөрсдөө бас “яахаа мэдэхээ болиод хаяад зугатсан” гэж сүүлд хэвлэлд ярьсан байдаг. Өөрийн талын “командлагчид” нь яаж ч чадахаа больсон үед өрөөлийн талынхан хөөрсөн олон хүнийг зохицуулна гэдэг бараг л бүтэшгүй зүйл байсан.

Одоо бол тэр үед ингэх ёстой байсан, тэгэх ёстой байсан гэж ярьдаг мундагчууд олон. Манай цагдаагийн зарим дарга нар ч дараа нь “Уг нь би байсан бол зохицуулчих байсан” гэх ухааны юм ярих гээд ч байгаа юм шиг л байсан. Тэр өдөр тэр цагт нь бүгд тэнд байсан мөртөө хэрхэн зохицуулж болох, ямар арга хэмжээ авахыг, гол нь түүнийгээ яаж хэрэгжүүлэхийг мэдсээр байж хэлэлгүй, “Дараа нь хэлж шүүмжлье дээ” гээд өнгөрөөгүй л баймаар. Чихэвчтэй радио станц гарын таван хуруунд багтахаар цөөхөн байсан учир нэгжийн дарга нар өөрийн хариуцсан хүмүүсээ ч командалж чадахгүй байсан. Тэр олон хүний дуу чимээнд бид бие биенээ сонсохгүй байсан нь бодит үнэн. Тайван жагсаалыг л хамгаалж зохицуулж болдог, нэгэнт үймээн самууны хэмжээнд хүрсэн /хүргэсэн/ үед бол энэ тун ч хэцүү. Үүнийг цагдаагаа манайхаас хэд дахин илүү техник хэрэгслээр нь болон орон тоогоор нь хангасан дэлхийн бусад орны жишээ бэлхнээ харуулдаг.    Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэж үг байдаг. Энэ үг л тэр үед яг биелсэн юм. Уг нь “Бороо орохоос өмнө цувтай болох” саналыг 2007 оны улсын төсөв батлагдахын өмнө ЦЕГ-аас тавьсан ч даанч тоож үзээгүй билээ. Тэр үед даралттай усаар шүршдэг хамгаалалттай машин хоёр ширхэгийг, бас хамгаалалтын хувцас, хэрэгслүүдийг хангалттай хэмжээгээр авах хөрөнгийн асуудлыг төсөвт тусгуулах санал тавихад УИХ-ын зарим гишүүн “Ард түмний эсрэг хэрэглэх юм байна” гээд хүлээж аваагүй юм. Харин долоодугаар сарын 1-ний үйл явдлын дараа л “Авах хэрэгтэй, яагаад өдий болтол аваагүй байсан юм” шуугицгааж билээ. Төрийн томчууд “Борооны дараа цуваа нөмөрч” байх үед тэр үймээн самууныг гаргуулахгүйн төлөө, гарсан үед нь тарааж зохицуулахын төлөө байсан боломжоо шавхан ажиллаж сонгууль болохын өмнөх ба болсоноос хойшхи хэдэн өдөр гэртээ ч харьж амжаагүй хэдэн цагдаа, тэр үед тодорхой албан тушаалд томилогдон ажиллаж таарсан цагдаагийн дарга нарт “Дээлийг нь толгой дээгүүр нь нөмрүүлэх” ажиллагаа эхэлсэн билээ.

Яагаад гэвэл энэ үйл явдалд хэн нэгэн буруутан байх ёстой болоод тэр. Тэр өдөр таван хүний амь эндсэн нь харамсалтай хэрэг мөн. “Энэ хэрэгт цагдаа буруутай” гэсэн мессеж бүтэн гурван жил бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар ээлжит сонгуулийн өмнө оргил цэгтээ хүрч байгааг хэн бүхэн харж байна.     Түрүүчийн сонгуулийн санал хураалт дуусахад эхэлсэн үйл явдал дараагийн сонгуулийн хувь заяаг шийдэхээр довтолгож яваа мэт. Цаашдаа сонгууль ийм циклиэр явах юм биш биз гэж сэтгэл өвдмөөр. Ийм түгшүүр дарамттайгаар нэг хэсэг нь сонгогдож, нөгөө хэсэг нь сонгож, үүндээ бүгдээрээ дундаасаа цуглуулсан татварын мөнгөнийхөө ихээхэн хэсгийг салхинд хийсгэж буй мэт үрж, хэдэн сарын турш үүгээр амьсгалж талцаж утгагүй байдалтай байх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

Уг нь ардчилсан байтугай “ардчилаагүй” улс оронд ч гэм бурууг зөвхөн шүүх тогтоодог зарчим үйлчилдэг. Манайд бол тэр хууль, зарчим хамаагүй, хэн хүнгүй л тогтоочихно. УИХ-ын гишүүд бол бүр итгэлтэй баталгаатай тогтооно. Ардчилал хэт хөгжихөөрөө ингэдэг юм болов уу.

Долоодугаар сарын 1-ний үймээний үеэр амь үрэгдэгсдийн тоонд яг тэр өдөр чулуугаар цохиулж тархи нугасандаа хүнд гэмтэл аваад тарчиг амьдрал, тоодоггүй төр хоёрын “ачаар” олигтой эмчлүүлж чадахгүй шаналж явсаар нас эцэслэсэн цагдаагийн хоёр алба хаагч, мөн тэр өдөр шатсан байшинд угаартаж нас барсан иргэн гурав орж л таарна. “Тэдний амиа алдсанд хэн буруутай вэ” гэсэн асуултыг хэн ч тавихгүй сөхөхгүй юм. Бас л цагдаа буруутай юу. Үгүй шүү дээ. Тэдний толгойг том чулуугаар бяц цохисон, гал тавьж шатаасан “Эрхээ эдэлж” үймээнд оролцсон иргэн байж л байгаа. Дашрамд хэлэхэд чулуу бол чулуу, хүний толгой бол хүний л толгой. Зарим хүмүүс цагдаад ажиллаж байгаа иргэдийн толгой, бие төмөр болчихдог гэж боддог юм шиг байгаа юм. Харин яг хэнийх нь шидсэн чулуунаас учир­сан гэмтэл аминд хүрэв. Хэний тавь­сан гал угаартуулав гэдгийг тог­тоох боломжгүй байх. Ингэхээр “үй­мээний дарга нар” бас “дээлээ нөм­рөх нь” шударга бус гэж үү гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Ха­рин хариулт нь “Ноён сонгууль”-д таа­лагдахгүй учир ер нь олдохгүй байх магадлалтай.

Энд нэг зүйлийг онцлон дурьдъя. Цагдаа нарыг холбогдуулан шалгаж байсан хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон байсныг Улсын ерөнхий прокурорын даалгавраар дахин сэргээж шалгахаар болсон. Уг нь Өршөөлийн тухай хуульд “Цагдаа нарын” гэх хэрэг ч, өмнө нь “зандалчлах” гэсэн зүйл ангиар шалгагдаж байсан Б.Жаргалсайхан, О.Магнай, Ж.Батзандан нарын хэрэг ч адилхан хамрагдсан. Гэтэл зөвхөн “цагдаа нарын” хэргийг сэргээж шалгаж байгаа. Харин нөгөө “Үймээний автор, дарга нар улстөрчдийн” хэргийг яагаад сэргээж шалгахгүй байгаагийн учрыг лавлахад “Өршөөлийн тухай хуульд хамрагдсан хэргийг ямар ч тохиолдолд сэргээн шалгадаггүй юм шүү дээ” гэсэн тайлбар өгдөг. Тэгэхээр цагдаа бол хүн биш гэснээс ялгаа юу байна. Би цагдаа. Тиймээс би хүн биш гэж үү.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж