Далайн дээрмийн орлого Сомалийн зарим мужийн эдийн засагт өсөлт авчирсныг судалгаа харуулжээ. Судалгааг Их Британийн “Chatham House” явуулсан юм байна. Далайн дээрэм тонуул цэцэглэсэн тус бүсэд хууль бус сангаар дамжсан хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэнэ. Харин Сомалийн эргийн тосгон суурингууд ядуу буурай хэвээр аж. Олон улсын тэнгисийн цэргийн хамтарсан хүчин Адены буланд эргүүл хийх болсон ч далайн дээрэм тонуул дарагдаагүй хэвээр байна. Гэвч дээрмийн халдлага гарах нь багасчээ. Адены буланд дээрэм тонуулын хэргийг хянадаг Олон улсын “Ecoterra” байгууллагын мэдээлснээр Сомалийн эргийн орчим 40 -өөд хөлөг онгоц, 400 гаруй хүн далайн дээрэмчдийн олз болжээ. Сүүлийн хорин жилийн турш үргэлжилж буй иргэний дайн Сомалид далайн дээрэм тонуулыг цэцэглүүлсэн аж. Урьд нь загас барьж амьдралаа залгуулдаг байсан тэдгээр дээрэмчид тор тавьж, хэдэн зуугаар нь загас барьдаг хөлөг онгоцтой том бизнесменүүдэд бизнесээ алдсанаас дээрэм тонуулын замд орсон юм.
Н.Энх