Нөөцийн махыг ням гаригт худалдаанд гаргана

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг ням гаригт худалдаанд гаргана

Хүнсний гол нэрийн бүтээгдэ­хүүний хангамж, ний­лүүлэлт, зах зээл дэх үнийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын уржигдрын хуралдаанд мэдээлэл хийсэн. Иргэдэд сар бүр 21 мянган  төгрөг, оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа­тай холбоотойгоор малчид махныхаа борлуулалтыг эрс багасгасан билээ. Харин нийслэлийн Захирагчийн ажлын албанаас саяхан хэвлэлийн бага хурал хийх үеэр нөөцийн мах­ны үнийн талаар танилцуулсан. Гэвч тэдний хэлсэн махны үнэ, нөө­цийн мах бэлтгэсэн 22 ком­панийн төлөөлөлтэй үнийн тал дээр тохиролцоогүй гэдэг асуудлыг хөндсөн. Эх сурвал­жийн мэдээлж буйгаар махны үнийн саналыг ард иргэдэд зарласны дараа дээрх 22 компанид үнийг тулгасан бололтой. Ингээд тэдний байр суурийг хүргэе.

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбал:
    
-Улсын хэмжээнд Дархан, Эрдэ­нэт, Улаанбаатар хотыг оролцуулаад нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн гэсэн тоо баримт бай­на. Энэхүү махыг энэ оны эхний хагас жилд ард иргэдэд нийлүүлэх төлөвлөгөө бий. Манай холбооны зүгээс аль болох махны тогтвортой хангамжийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Эдгээр махнаас нийслэлд 12 мянган тонн мах хувиарын дагуу нийлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Яг өнөөдрийн байдлаар мах бэлтгэх 22 компаниас  20 компани нь ирэх ням гарагт эхлэх нөөцийн махны худал­даанд бэлтгэх ажлыг базааж байна. Уг ажлын хүрээнд өнөөдөр /өчигдөр/ 14 цагаас бүх компанийн төлөөлөл өөрсдийн махыг худалдаалах цэг, дэлгүүрийн нэрсийг хүлээж авна. Ингээд энэ сарын 15-аас эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргана. Ирэх долоо хоногт гэхэд нөөцийн мах борлуулах хороо бүрт хоёр дэлгүүртэй гэрээ хийж дуусаад ажил жигдрэх байх гэсэн таамаглалтай байгаа юм. Нөөцийн мах бэлтгэж байгаа компани бүгд хувийн хэвшлийнх. Тэр ч утгаараа эдгээр хүмүүс өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаад, зах зээлийн үнээс арай доогуур үнээр махаа худалдаалах гэж байна. Харин манай холбооноос тодорхой хэмжээний хүмүүс гаргаад махын савалгаа, чанар дээр хяналт тавина. Дээрээс нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар давхар хяналт тавих юм. Дүүргийн хороон дээр нийгмийн ажилтнууд нөөцийн мах худалдаалж байгаа цэгүүдэд дээр байнга хяналт тавих жишээтэй. Энэ нь тал, талаасаа хяналттай ажиллаж буйгийн нэг илрэл. Үнийн тухайд нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тогтоосон үнээр нөөцийн махаа худалдаална. Үнийг нэгэнт тохирчихсон учир буцаах аргагүй. Тодруулбал, зах зээлийн махны үнээс 1200-1300 төгрөгөөр хямд худалдаалах гэж байна. Энэ бол харьцангуй хямд үнэ.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат:

    
-Нөөцийн махыг аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн хөрөнгөөр бэлтгэдэг. Улмаар хотоос тавьсан үнийн дүнг харгалзан зах зээлд аль болох хямд үнээр нөөцийн махаа худалдах зарчмаар ажил үргэлжилж байна. Махаа хямд үнээр худалдаалсныхаа төлөө төрөөс урамшуулал авдаг юм. Манай хоттой 22 компани 12 мянган тонн мах борлуулах гэрээ өчигдөр /уржигдар/ байгуулсан. Үхрийн мах 2000 гаруй тонн, ямааны 2500 тонн мах, хонины 7500 гаруй тонн махыг бэлтгэсэн байгаа. Ирэх ням гарагт  нөөцийн махыг худалдаанд гаргах гэж байна. Худал­даалахдаа бид нэг бодлогыг баримталж байгаа. Тэр нь нөөцийн махыг ченжүүдээс хол, иргэдэд аль болох хямд үнээр борлуулах.  Учир нь ард иргэдэд зориулсан мах тэдний гарт хүрч чаддаггүй. Ченжүүдээр дамжихыг хатуу хориглож байгаа юм. Бид нэг, хоёр, гурав гэсэн килограммаар савлаад худалдаанд гаргана. Мөн “Нөөцийн мах” гэсэн хаяг, шошготой ард иргэдийн гарт хүргэнэ. Тэгээд нөөцийн махыг хороо бүрт 2-3 дэлгүүр, цэгүүдэд худалдаалахаар төлөвлөсөн. Нийт 320 гаруй цэг, дэлгүүрүүдэд худалдаалахаар тохирсон байгаа. Ойрын өдрүүдэд дэлгүүрүүдтэй гэрээгээ хийж дуусгана. Түүнээс гадна хүнсний захуудад нөөцийн мах зардаг тусгай лангуу ажиллуулна. Чанарын хувьд энэ зун мал тарга сайхан аваад хадгалалт, нөөц зэргийг эртнээс сайн хийсэн тул асуудал гарахгүй. Эдгээр 22 компанитай “Нэгдүгээр зэргийн сайн чанарын махыг иргэдэд худалдаална” гэсэн гэрээ хийсэн байгаа. Сар бүр хотын дүүрэг болгонд махны үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Харин үнийн хувьд үхрийн мах 3700 төгрөг, хонины мах 3200 төгрөг, ямааны мах 2600 төгрөгөөр тус тус худалдаалахаар тохирсон. Үхрийн мах зах зээл дээр хэдтэй байна, 15-нд борлуулагдах үхрийн мах хэдтэй байна гээд тооцоолоод үзвэл хамаагүй ялгаатай харагдана. Цаашид бид махны үнийг өсгөхгүй, харин ч хямдруулахад анхаарч ажиллана. Улаанбаатар хотын нэг жилийн махны хэрэгцээний 10 хувийг энэхүү 12 мянган тонн мах эзэлж байх жишээтэй. Гэхдээ бид махны үнийг тогтворжуулах, жигд байлгах янз бүрийн арга хэрэглэж байгаа гэдгийг дашрамд хэлэх нь зүйтэй байх. Цагаан сарын өмнө хоёр удаа нөөцийн махны үзэсгэлэн худалдаа явуулахаар төлөвлөсөн.

“Хүчит шонхор” захын махны ченж, Архангай аймгийн малчин Э.Пүрэвцэрэн:
    
-Нөөцийн махыг худалдаанд гаргана гэдэгтээ холбогдуулж махны ченж бид үнээ буулгаад байх зүйл байхгүй. Учир нь жил бүр нөөцийн мах худалдаанд гарч, махны үнэ зах зээлийн эрэлтээрээ буурдаг жамтай. Гэхдээ одоогийн байдлаар махны үнэ дахиад буурахгүй л болов уу. Бидэнд төрөөс баримталж байгаа бодлого заримдаа хэтэрхий хүнд тусдаг. Махаа намаржингаа бэлтгээд өвөл арайхийн худалдаанд гаргадаг. Учир нь зуны халуунд  их хэмжээний махыг хадгалах байр байхгүй учир тэр. Өвөл цэвэр орчинд махаа хадгалаад сардаа 2-3 удаа тээвэрлэлт хийдэг. Нэг удаагийн тээвэрлэлтээр шатахууны үнээс эх­лээд цаг хугацааны хувьд ч гэсэн хүнд байдаг. Асуудал ихтэй. Махны үнийн хөөрөгдөл гэх зүйл байхгүй. Махны ченжүүдийн талаас дээш хувь нь хотын ченж нар байдаг. Тэр ч утгаараа хөдөөгийн бид давхар давхар мөнгөний алдагдалд орохгүйн тулд өөрсдөө худалдаалдаг. Махны үнэ өсөх шалтгаан нь нэгдүгээрт шата­хууны үнэ нэмэгдсэнтэй хол­боотой. Хоёрдугаарт махны чанар сайн байгаатай холбоотой. Сайн чанарыг махыг өндөр үнээр бор­луулаад багагүй ашиг олж болохгүй гэж. Цагаан сар ойртож байгаа энэ үед махны үнэ тогтвортой байж байгаад цагаан сарын дараа эргээд буурдаг. Түүнээс биш үүнийг хүндээр тусгаж авах хэрэггүй байх. Хөдөө орон нутгаас мах орж ирэхгүй бол төр хүссэн хүсээгүй орон нутгаас махаа хот руу тээвэрлэх нь ойлгомжтой. Энэ долоо хоногийн сүүлчээр нөөцийн мах худалдаанд гарна гэж дуулсан. Үүнтэй холбогдуулан махны үнэ одоо байгаа үнээс буурахгүй л болов уу. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж