Уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Уулзалт, хэлэлцүүлэг боллоо

.Стандартчилал, хэмжил зүйн газрын санаачилгаар “Нийгмийн хариуцлагын олон улсын стандарт ISO 26000”-ыг үндэсний стандарт болгон батлуулахаар 2011 оны 06 дугаар сард СХЗГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой  хамтран Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Энержи Ресурс” компани зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг олон улсын стандартыг Монгол хэлрүү орчуулах, орчуулгыг хянах ажлыг гүйцэтгэж, Стандартчиллын техникийн хорооны хурлаар оруулан хэлэлцэж 2012 оны 01 дүгээр сарын 26-нд болох  Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн Хурлаар Үндэсний стандарт болгон батлуулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр НХХЯ, СХЗГ, МАОЭНХ хамтран “Олон улсын нийгмийн хариуцлагын стандарт ISO 26000:2010”-ыг үндэсний стандарт болгох нь сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.     

Нийгмийн хариуцлагын талаарх үзэл баримтлалыг зөвхөн бизнесийн байгууллага гэлтгүй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үүрэг бүхий бүх төрлийн том, жижиг байгууллагууд хэрэглэхэд тохиромжтой байдаг. Нийгмийн хариуцлагын салбарт стандарт боловсруулах үндэслэлийг анх 1992 онд Хүрээлэн буй орчны талаарх Олон улсын чуулган дээр гаргасан бөгөөд үүнээс 10 жилийн дараа зохион байгуулсан тогтвортой хөгжлийн талаарх Олон улсын чуулган дээр   “нийгмийн хариуцлага”  тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой болохыг нийтээр хүлээн зөвшөөрсөн.

ОУСБ нь стандартын төсөл санаачилсан 2001 оноос батлах (2011он) хүртэлх хугацаанд Олон улсын төрөлжсөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан, нийгмийн хариуцлагын итгэлийн санг бий болгож,  олон улсын болон үндэсний хэмжээний сургалт, семинар, хэлэлцүүлгийг 47 удаа  зохион байгуулсан.   Төсөл боловсруулах ажилд нийт 3800 мэргэжилтэн, экспертүүд, олон улсын болон бүс нутгийн 42 байгууллага оролцсон байна. Стандартын төслийг нийт оролцогсодын 93,5 % -ийн саналаар  2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан. Уг стандарт нь дагалдах сургалтын модультай бөгөөд нийт 7 бүлэг 200 орчим хуудас бүхий баримт бичиг юм. Олон улсын стандартын төсөл боловсруулах бүхий л үйл ажиллагаанд стандартчиллын байгууллага гишүүнийхээ үүргийн дагуу оролцож төслийг эн тэргүүнд дэмжсэн орны тоонд орсон юм.

Стандартад дараах үндсэн 7 асуудлыг оруулж өгсөн байдаг.  Үүнд:

  1. Байгууллагын засаглал
  2. Хүний эрх, эрх чөлөө
  3. Хөдөлмөрийн харилцаа
  4. Хүрээлэн буй орчин
  5.  Шударга, ил тод үйл ажиллагаа
  6.  Нийгмийн оролцоо болон хөгжил  
  7. Хэрэглэгч үйлчлүүлэгчтэй холбоотой асуудал зэрэг юм.

Энэхүү стандартыг хэрэгжүүлсэнээр тухайн байгууллагад гарах эерэг нөлөө нь:

  • өрсөлдөх давуу тал бий болно
  • олон нийт, хэрэглэгчдийн дунд нэр хүнд өснө
  • ажилчид буюу гишүүд, хэрэглэгч, үйлчлүүлэгчээ тогтоон барих, татах чадвар нэмэгднэ
  • ажилчдын урам зориг дээшилж, ажлын гүйцэтгэл, бүтээмж сайжирах нөхцөл бүрднэ
  • хөрөнгө оруулагчид, эзэд, хандивлагчид, ивээн тэтгэгчид болон сахүүгийн нэгдлийн нэгдсэн байр суурь эерэг болно
  • үйл ажиллагаа явуулахад зайлшгүй холбоотой иргэд, компани, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, ханган нийлүүлэг, өрсөлдөгч, хэрэглэгч болон нийгмийн бүлэгтэй харилцах харилцаа холбоонд эерэг нөлөө үзүүлдэг.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь дээр дурьдсан асуудлуудыг Монгол улсын үндэсний онцлог, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин зэрэгтэй уялдуулан мэргэжлийн холбоод, үндэсний аж ажуйн нэгж байгууллагуудын саналыг тусгаж, Монгол улсын үндэсний стандарт болгох зорилготой юм гэж Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж