Өдгөө 71 настай Н.Назарбаевын хувьд ойрын хугацаанд улс төрөөс гарах бодолгүй байгаагаа нэг бус удаа илэрхийлж байв. Тэрбээр 2016 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Намаа парламентын сонгуульд ялуулахын тулд хичээж ажиллахаа амласан. Казахстаны Үндсэн хуулийн Цэцээс онц байдал зарласан Жанаозены ард иргэдийг сонгуульд санал өгөхийг хориглох шийдвэрийг саяхан гаргасан билээ. Жанаозен хотод төрийн бодлогыг шүүмжилсэн эсэргүүцлийн жагсаал гарч, тэднийг намжаахын оролдсон цагдаа нар 16 хүний аминд хүрсэн. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Н.Назарбаев болгоомжилж байгааг харуулж байна хэмээн гадны ажиглагчид дүгнэж байсан юм. Гэвч Казахстаны Ерөнхийлөгч дээрх шийдвэрт хориг тавьж, “Жанаозены иргэд Үндсэн хуулиар олгогдсон санал өгөх эрхээ эдлэх ёстой” гэсэн юм. Түүнийг ийн хориг тавихад хүргэсэн нэг шалтгаан нь эсэргүүцлийн хөдөлгөөн Жанаозенаас гадна Азтау зэрэг өөр хотуудад бий болсонтой холбоотой байж магадгүй. Ер нь өнгөрсөн онд казахууд эрх баригчдаа урьд өмнөхөөсөө илүү ихээр шүүмжлэх болсон юм.
Түүнээс гадна өнгөрсөн оны тавдугаар сараас хойш Казахстанд хэд хэдэн удаа гэмт этгээдүүд амиа золиослох оролдлого хийж, бөмбөг дэлбэлэн олон хүний аминд хүрсэн. Иймэрхүү хэрэг тэр бүр гардаггүй учраас Казахстаны эрх баригчид нэлээд сандарчээ. Гэхдээ энэхүү халдлага нь мусульман шашинт бүлэглэлүүдтэй холбоотой. Түүнээс биш өнгөрсөн сард Жанаозенд гарсан ажилчдын үймээнтэй огт хамааралгүй юм. Гэсэн ч энэ бүхэн нь Н.Назарбаевын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.
Өнгөрсөн хавар Ойрхи Дорнодын орнуудад хувьсгал гарах үед зөвхөн арабууд гэлтгүй диктатур ноёрхсон Хятад, Хойд Солонгос, Орос, Казахстанд хүртэл эсэргүүцлийн хөдөлгөөн гарч эхэлсэн. Тэр үед Н.Назарбаев Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө нь явуулахаар гэнэтхэн шийдсэн юм. Сонгууль ч яах вэ, болдгоороо болсон. Үр дүнд нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Н.Назарбаев нийт сонгогчдын 96 хувийн саналыг авч байгуулан дахин Казахстаны Ерөнхийлөгч болсон билээ. Гэхдээ энэ бүхэн ард иргэдийнхээ сэтгэл санааг тайван байлгах гэсэн суртал ухуулгын шинжтэй үйл явдал байсан гэж дүгнэхэд буруудахгүй. Харин энэ удаад парламентын сонгуулийн тов ирэх наймдугаар сард байсныг урагшлуулан энэ сард болгосон юм. Мөн л үймээн самуун болохоос сэргийлсэн хэрэг. Гэхдээ энэ нь өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас өөр болох магадлалтай юм.
Ямартай ч энэ удаагийн парламентын сонгуулиар Нур Отан нам олонхийн санал авахын тулд бүх хүчээ дайчилж байна. “Риа Новосты” агентлагийн мэдээлснээр олон улсын 695 шинжээч Казахтсанд очиж, сонгуулийн явцыг ажиглах юм. Ажиглагчдын дүгнэж байгаагаар Н.Назарбаевын нам ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Казахстаны сонгуулийн ирц нэлээд өндөр байдаг. Урьдчилсан тооцоогоор тус улсын сонгуулийн насны иргэдийн 90 гаруй хувь нь саналаа өгөх аж.
Н.Назарбаев Казахстаныг хөгжүүлэхдээ ОХУ, Хятад болон баруун Европын орнуудын хөрөнгө оруулалтыг зэрэг татаж, тэдний ашиг сонирхлоо илэрхийлэх боломжийг эн тэнцүү хангаж өгсөн юм. Түүнээс гадна хүн амын дийлэнх нь нэг үндэстэн учраас дотооддоо харьцангуй тогтвортой. Гэхдээ авлигад их идэгдсэн хэмээн шүүмжлүүлдэг. Түүхий эдийн экспортоос хэт хараат байхаас сэргийлэхийн тулд “Үйлдвэрлэлийг хурдасгах, инновацийг хөгжүүлэх хөтөлбөр” гэгчийг боловсруулсан. Энэ тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүчтэй суртал ухуулга хийж байна. Тиймээс Казахстаны Социал демократ Азал намын төлөөлөгчид “Сонгуулийн кампанит ажлаа хийх боломжийг эрх баригчид хааж, боож байна” хэмээн дургүйцсэн байна. Дашрамд дурьдахад, Казахстаны парламентын сонгуульд Монголын уугуул иргэн нэр дэвшихээр болжээ. Тэр нь Баян-Өлгий аймгийн Сагсай суманд амьдарч байгаад Казахстан руу шилжсэн Б.Кайрат юм.
"Улс төрийн тойм" сонин