-Өмнөх парламентын үед та УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан. Тэгэхэд бараг өдөр бүр хэвлэлийнхэнтэй харилцдаг байсан. Харин сайдаар ажиллах хугацаандаа хэвлэлийнхнээс холдож, бас хатуурхдаг болсон юм шиг санагддаг?
-УИХ-аас гарсан шийдвэр, Засгийн газрыг байгуулахдаа боловсруулсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд УИХ Засгийн газрыг томилдог. Засгийн газрын гишүүн энэ зорилтыг биелүүлэхийн төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх ёстой. Тиймээс өөрийнхөө хийж чадахгүй, болж бүтэхгүй байгаа зүйлийг хүнд нялзааж болохгүй учраас би дуугүй байх болсон. Товчхондоо “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” байгаа хэрэг л дээ. Мөнгө нь байвал хийчихмээр ажил олон байна. Гэтэл баталж өгсөн төсөв нь хязгаартай байдаг. Гэхдээ хийж чадахгүй байгаа нь миний буруу. Яагаад гэвэл би “Хийж чадна, бүтээнэ” гэж сайд болсон. Нөгөөтэйгүүр засгийн ажлыг хийж байхад би биш нөгөө хүмүүс байр сууриа илэрхийлэх эрхтэй байдаг. Бид тайлбар хийх л эрхтэй. Байх ёстой байрандаа байгаа нь л тэр. Засгийн газар дотроо бол бид байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг. Түүнийгээ танхимаас гаргаж ярихгүй. Тиймээс “Гансүх дуутай хэвээрээ юү, дуугүй болсон уу” гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Харин нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсан бол бид түүнийг хамгаалах, хийх үүрэгтэй. “Би тэр үед эсрэг байсан юм” гээд хашгичаад байх эрхгүй. Тийм л байна.
-Эдүгээ манай иргэд хөгжил чухлыг ойлгож, хэт улстөржихөө болих хандлага ажиглагдаж эхэллээ. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа ч талцахгүй, аливаа бодлого хөтөлбөрийг санаачлэн хэрэгжүүлэхэд хэн эзэн байх нь гол биш гэдгийг харуулах талаар шинэ имиж тогтоосон гэж хэлж болох юм. Үүнийг сэтгэлгээний бас нэгэн шинэ үе эхэллээ гэж ойлгож болох уу?
-Яг үнэн. Ардчиллын эхний жилүүдийн улс төрд ч, зах зээлд шилжихэд энэ бүхнийг мэддэг хүн нэг ч байгаагүй. Ёстой л алдаж, онож байж тодорхой хэмжээний туршлага олж авсан. Үүний төлөө зөвхөн улстөрч, хэдэн бизнесмэн биш бүх ард түмэн зовж, шаналан зүтгэсэн. Зорилго тавьж зүтгээгүй ч тэр үед амьдарч, дайн самуун гаргалгүй ойлгож тайван хандсанаараа маш чухал оролцоо, гавьяатай. Үр дүнд нь өнөөдөр Монгол Улс ардчилсан төртэй, хөгжиж буй эдийн засагтай, баялагтай, хөрөнгөтэй болж байна. Мөн үүнд төрт ёсоо дээдлэх уламжлал, хүн ам цөөнтэй учраас аливаа маневр хийхэд дөхөм байсан зэрэг давуу талуудыг дурьдаж болно. Нийгмийн хувьд өнгөрсөн хорин жилийн хугацаа юу ч биш. Эндээс бид алдаагаа засаж, ололтоо чамлахгүйгээр зөв үнэлж цэгнэснээр ирээдүйн он жилүүдийн амжилтад хүрнэ. Ядуу улс оронд улстөр нь эхэндээ хүчтэй байдаг юм байна. Яваандаа эдийн засаг нь хөгжөөд ирэхээр улс төрөө тоохоо больж, хувийн амьдрал, бизнесийнхээ тэлэлтэд голлон анхаардаг гэдгийг бид мэдэж авлаа.
-Мэдэж авснаа улс орны хөгжилд хэрхэн ашигтайгаар нийцүүлэн ашиглах вэ гэдэг чухал. Та нарын эхэлснийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлнэ гэдгийн цаана сонгууль хаяанд ирчихээд, ажлыг талцаж өмчлөх мөч ирчихээд байгааг мартах аргагүй?
-Бид 2004 онд эдийн засгийн реформ хийсэн. Энэ нь зах зээлийн нөхцөл дэх хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа чөлөөтэй байх боломжийг бий болгохын тулд Өршөөлийн тухай хуулийг баталсан явдал юм. Тэгвэл 2008-2012 оны УИХ төрийн механизм зөв байх нөхцлийг бүрдүүлсэн. Зөвхөн төсөвт түшиглэсэн эдийн засгийг зах зээлийн бүх механизмыг ашиглан мөнгө босгож болдог тийм хэлбэрт шилжүүллээ. Нөгөө талаас төсвийн хяналтыг хуульчилж хатуу хяналттай, тогтвортой байлгах нөхцлийг бий болгосон. Дараагийн Засгийн газар яаж ч ажилласан энэ хуулийг л баримтална. Дуртай хэн нэг нь орж ирээд, энд хуваарилсан мөнгийг тэнд өгнө гэж байхгүй. Жил жилийн өсөлтийн тодорхой хувиар төсөвтөө тусгаад хуулийн дагуу хяналтаа сайжруулаад цааш явна. Миний бодлоор дараагийн Засгийн газар эдийн засгийн хөгжлийг нийгмийн дундаж давхарга руу, ялангуяа үйлдвэржилтэд чиглүүлнэ. Иргэдийн эрүүл мэнд, боловсролын асуудлыг сайтар тооцоолон шийдвэрлэж, хөл дээр нь босгож байж чанартай эдийн засаг гэгчийг бий болгоно. Одоо бүрдүүлж буй бүх нөөцөө тийш нь чиглүүлэх ёстой. Үүнд талцаж өмчирхөх, өөриймсөх явдал гарахгүй болов уу. Яагаад гэвэл ард түмэн бүхнийг харж байсан. Бид ил тод ажилласан.
-Танай Засгийн газрын хийсэн ажлаас гадна, дотнын ажиглагчдын хамгийн их анхаарч, ач холбогдол өгсөн нь Оюутолгойн гэрээг баталсан явдал. Гарын үсэг зурсан гурван сайдын нэг нь та. Засгийн газраас Ардчилсан намынхан гарахаа мэдэгдчихээд байгаа энэ мөчид та Оюутолгойн гэрээний талаар юу хэлэх вэ?
-Оюутолгойн гэрээ бол Монгол Улс гадаадад нэр хүндтэй байх уу, үгүй юү гэдгийн бөглөө байсан юм. Бид нүүрс, зэсээ идэхгүй. Гэтэл тэр баялаг манайд байна. Хажууд нь худалдан авах зах зээл нь байгаа. Тиймээс л манайхыг гадны хөрөнгө оруулагчид сонирхдог. Гэтэл нэг талаас гадныхны, нөгөө талаас манайхны болгоомжлол уул уурхайн бүтээгдэхүүнээ олборлож ашиглахад том бөглөөс болж байсан. Гаднынхан болохоор саяхан социалист системтэй байсан энэ орон нэг л өдөр хувьчилчихвал яах вэ гэж, монголчууд “Шулуулчих вий, бүх нөөцийг маань ухаж аваад гараад явчихвал яана” гэж болгоомжлоод байсан хэрэг. Энэ болгоомжлолыг арилгаж, эрх ашгийн огтлолцолд нийцсэн гэрээ байгуулах ёстой байсан. Тийм хүлээлт үүсчихээд байсан нөхцөлд хамтарсан Засгийн газар тогтвортой байдлыг хангасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхлэх боломж олгосон.
-Тийм ээ. Гэхдээ ирэх сонгуульд сайн, муу нэр нөлөөний алийг нь түлхүү үзүүлэх бол. Тухайлбал гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдыг, бусад улстөрчийг ч хэт их биш юм гэхэд олон улсын жишгийн дагуу хөрөнгө оруулагчид, гэрээлэгч талуудаас ихээхэн хэмжээний мөнгө авсан гэсэн хардлага одоо ч байгаа шүү дээ?
-Сайн, муу нэрийн алийг ч сонссон энэ ажлыг урагшлуулах л чухал байсан. Хамгийн боломжтой хувилбараар гэрээг байгуулж чадсан. Гол нь улстөрчийн нэр хүнд гэхээсээ улс орны эрх ашгийг бодож гэрээг байгуулсан юм. Тэр тусмаа хамтарсан Засгийн газар байгуулсан тулдаа Оюутолгойн гэрээг баталж чадсан шүү дээ. Үүний үр дүнд эдийн засаг өссөн. Монгол Улсын гадаад дахь нэр хүнд өссөн. Энэ бол Оюутолгойн гэрээг байгуулсны гавьяа. Дээр нь Монголын талд өгөх нийт ашиг нь 50 хувиас илүү байгаа. Сангийн сайд ч энэ тал дээр бүх талын хариуцлагыг хүлээхэд бэлэн гэдгээ зарлачихсан. Харин Оюутолгойн гэрээг байгуулахдаа мөнгө авсан эсэх тухайд гэвэл “Нэг төгрөг ч аваагүй” гэдгээ ямар ч бурхны өмнө хэлнэ. Үүнийг ард түмний өмнө тангараглахад ч бэлэн байна.
"Улс төрийн тойм" сонин