Ямартай ч АН-ынхан “Тухайн үеийн МАХН-ынхан 2006 оны нэгдүгээр сарын энэ л өдрүүдэд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаж байсан юм” гэсээр С.Батболдын танхимыг орхин гарлаа. Үүнийг нэг талаар “Та нарын хийж чадсан зүйлийг бид ч бас хийнэ” гэдгээ Ардын намынханд хатуу хэлж байна гэж ойлгож болохоор байв. Засгийн газраас гарах гэж байгаа тухайгаа мэдэгдсэнээр эхэлсэн АН-ын долоо хоног ч ийнхүү дуусч байна. Харин одоо Монголын улс төрд Ардын намын өдрүүд эхэллээ. АН-ынхан өргөдлөө гардуулснаас хойш гурван цагийн дараа Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн юм. АН-ынхан Засгийн газраас гарах талаар мэдэгдэх үеэр эзгүй байсан Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нар ч эх орондоо хэдийнэ иржээ. Ардын намын гол тоглогчид болох дээрх эрхмүүд орон гарсан сайд, дэд сайд нарыг томилох ажилдаа ханцуй шамлан орсон нь энэ. Улс төр дэх Ардын намын өдрүүдийн онцлох үйл явдал нь ч энэ юм.
Засгийн газрын тухай хуульд заасны дагуу шинэ сайд нарыг томилсноор өмнөх сайд нарын бүрэн эрх дуусгавар болох учиртай. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ дахь Ардын намын бүлэг хэлэлцэх ёстой юм. Тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Очирбат нарын нэрийг сайдад нэр дэвшүүлнэ гэсэн таамаглал байгаа. Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын хувьд У.Хүрэлсүхийн хүн. Тиймээс сайдаар сонгогдох магадлал өндөртэй. Харин УИХ-ын гишүүн Д.Очирбат Монгол Улсын Шадар сайдын талынх. Ардчилсан нам Засгийн газраас гарахаа мэдэгдсэн өдрөөс эхлэн түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилно гэсэн яриа гарч эхэлсэн билээ. Тэгэхээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон энэ удаад албан тушаалдаа хэвээр үлдэх бололтой. Ардын намын дэргэдэх НАМЗХ-ныхон сайд, дэд сайд нарыг томилох ажилд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Ардын намынхан ч Сангийн дэд сайд Ч.Ганхуяг мэтийн талхны үнэ мэддэггүй, олонд танигдаагүй хүнийг дэд сайдаас сайдын суудалд дэвшүүлэх бодолгүй байгаа юм байна. Харин Ардын намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Тэнгэр нарын туршлагатай залуусаа дэд сайдаар томилж магадгүй гэнэ. Дэд сайдаар хэнийг томилох вэ гэдгийг хэлэлцэж байгаа ч тус намынхан дунд “Заавал дэд сайд нарыг шинээр томилох албагүй. Томилохгүй байвал яасан юм бэ” гэсэн санал ч гарсан сурагтай. Сайд, дэд сайд нарыг томилох асуудал дээр Ардын намын гишүүд саналын зөрүүтэй байсан байна. Гэхдээ “Одоогийн дэд сайдууд албан үүргээ гүйцэтгэсэн хэвээрээ байх учраас орон гарсан таван яамны дэд сайдыг томилох нь зүйтэй” гэдэг байр сууриа хадгалахаар шийдсэн гэнэ. Үүнээс гадна “Сайд нарыг УИХ-ын гишүүдээс сонгохгүй байя” гэсэн байр суурь ч байжээ. Энэ асуудлын хувьд “Гишүүдээсээ, УИХ-аас гаднах намын гишүүдээсээ ч, аль алиных нь нэрийг оруулъя” гэдэг дээр нэгдсэн аж. Дугаар шилжих мөчид Ардын намын Удирдах зөвлөлийн хурал тараагүй байв. Гэхдээ тэд “Энэ удаад томилгооны асуудлыг ярихгүй” гэсэн юм. Тодруулбал, шинэ сайд, дэд сайд нарыг ирэх долоо хоногт томилох аж.
"Улс төрийн тойм" сонин