Дэлхийн экспогийн түүхийг сөхөж үзвэл хамгийн анхны экспо Их Британийн Лондон хот дахь “Crystal Palace”-д 1851 онд болсон бөгөөд уг экспогоор Их Британийн аж үйлдвэр, цэрэг, эдийн засгийн сүр хүч, давуу байдлыг харуулахыг чармайсан гэдэг. Хятадын хувьд ч мөн адил, түүнээс дутахгүй ач холбогдолтой. Энэ бол улам бүр дэлхий дахинд мэдрэгдэж буй Хятадын “зөөлөн хүч”-ийг дэлхий даяар харуулах гэсэн, бусад улс Хятадуудад тал засаж, ойртож дотносох гэсэн сонирхлууд дээр тогтож байна.
Зарим орнууд өөрийн ер бусын байгууламж бүхий павилионуудыг байгуулах замаар Хятадтай харилцах харилцаагаа илэрхийлэхийг хүсэж байна. “Хэрвээ бид энэ үйл ажиллагаанд оролцоогүй бол Хятадуудад ямар мессеж өгөх вэ гэдгийг төсөөлөөд үз дээ. Бид харилцаагаа хөгжүүлэх алхам хийх ёстой” гэж Австралийн павилионыг хариуцаж буй Ерөнхий Комиссар Lyndall Sachs ярьж байна. Энэ экспоны үеэр зөвхөн Хятадууд ч биш мөн олон улсын зочид ирж үзэх болно. Энэ бол маш том тайз, маш том соёлын арга хэмжээ гэж оролцогчид үзэж байна.
Уг арга хэмжээнд Хятадын албан тушаалтнууд маш их анхаарал тавьж, аюулгүй байдлыг чангатгаж байна. Тухайлбал энэ оны эхээр Токио хотын Нарита нисэх онгоцны буудалд гарч Хятад өөрийг нь төрөлх Шанхай хотруу оруулахгүй байгааг эсэргүүцэж байсан, хүний эрхийн тэмцэгч, идэвхтэн Feng Zhang Hu-г элдэв асуудал үүсгэхээс нь сэргийлж, компьютерыг нь хурааж аваад гэрийн хорионд оруулаад байгаа талаар “Associated press” агентлаг мэдээлж байна.
Энэ бол энэ жил тус улсад зохион байгуулагдаж байгаа хамгийн том, чухал үйл ажиллагаа гэж Хятадын удирдагч нар ярьж байгаа. Шанхай хот 46 мянган цагдаатай. Түүн дээр тэтгэвэрт гарсан 1000 цагдааг нэмж ажилуулж байгаа бөгөөд дээр нь Хятадын бусад муж, хотуудаас 8,000 цагдаа авчирч ажилуулна. Мөн Хятадын чөлөөлөх армийн цэргүүд туслалцаж байгаа бөгөөд Шанхай хотын метронуудын орох, гарах гарцууд дээр эргүүл хийж байна. Эргүүл, хамгааллыг чангатгаж эхэлснээс хойш тус хотод 6,000 орчим хүн баривчлагдсан гэж Шанхайн сонингууд мээдээлсэн. Мөн хуурамч DVD болон бусад хулхи бараа зардаг хүмүүсийг олны нүдэнд харагдуулахгүйг хичээж байна.
Экспоны барилгуудыг барьж байсан ажилчид цаг, хоногтой уралдан барилгуудаа дуусган хүлээлгэн өгсөн. Энэ үйл явдалтай холбоотойгоор тус хотод шинэ нисэх буудлын терминал, шинэ метроны шугам, зам, паркууд, олон нийтийн талбайнуудыг барьсан. Эдгээр нь тус арга хэмжээнээс Шанхай хотод үлдэх өв, дурсгал болох болно. Их Британи “багваахай” хэлбэртэй павилионоор оролцож байгаа бол Испани нэхмэл эд шиг дизайнтай павилионоор оролцож байна. Харин Хойд Солонгосын павилионд ганц ч ширхэг “Хүндэт удирдагч Ким Жонг ил”-ын зураг харагдахгүй байна. Харин Хятадын павилион хамгийн том, улаан өнгийн байгууламж бөгөөд эндхийн гол үзүүлбэрүүд зөвхөн Хятад хэл дээр тайлбартай байх болно. Энэ нь Хятад улс дэлхийд ямар нөлөөтэй, хүчирхэг болж байгааг зочдод болон Хятадын иргэдэд харуулах гэсэн зорилготой ч байж магадгүй. Дэлхийн экспо-2010 экспогын нээлтийн ажиллагаа өнөө орой Шанхай хотод болох ба үүнд олон орны дээгүүр албан тушаалтнууд оролцох гэж байна. Өнөөдөр Шанхай хотод цаг агаар таатай байгаа бөгөөд цельсийн 25 хэм дулаан байна. News.MN агентлагын сурвалжлагч уг экспог сурвалжлахаар Шанхай хотыг зориод байгаа бөгөөд удахгүй газар дээрээс нь мэдээ дамжуулах болно.