Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Хамгийн сүүлд та хэзээ уйлсан бэ? Тэр нулимс баярынх байсан уу? Эсвэл гомдлынх уу? Үгүй бол хагацал шаналалын нулимс уу? Эсвэл…

Ойрын хэдэн өдөр цахим ертөнцөөр аялдаг хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт уйлж сууна. Зарим нь зүрхээрээ, зарим нь нүдээрээ, зарим нь тархиараа уйлна. Яагаад? Яасан гэж? Яг л та бидэн шиг хүн, зүүний үзүүр дээр ширхэг арвай тогтоож ирсэн өндөр заяатан тэнд нэгэн газарт хүний биш тамын амьдралаар амьдарч байгааг хараад нулимс урсав. Тэдний амьдралыг там болгосон эзэн нь бас л хүн. Хүн хүнээ хэмлэн, тасдчихыг хараад зүрх өмрөн урагдав. Өмөрч урагдах шаналал өвчин биенд бус сэтгэлд хурц жад зоогдох адил мэдрэгдэж, тархи уйлав. Цустай, галтай нулимсаар цурхиран уйлах ард түмнээ хараад Далай лам өмөлзөн уйлав. Далай ламтай хамт дэлхийн хүмүүс уйлав. Хэн хэний төлөө уйлж байгаа нь чухал биш, зүгээр л хүн хүний төлөө шаналан, хүн хүндээ гомдон цурхирч байна. Яагаад бидний зарим нь ингэж маханд улайрсан араатан шиг нэгнээ хэмлэн боорлох болов? Өнөөдөр нэг нь гартаа бороохойтой, эрх мэдлийн лантуутай, нүдэндээ дээрэнгүй харцтай амьдарч байгаа ч төрөхдөө бид ав адилхан нүв нүцгэн ирсэн. Үхэхдээ бас гар хоосон, бие нүцгэн буцах болно. Өнөөдөр хэн нэгнийг урж тасдан, хэмлэж байгаа “шүд” үхлийн илдийг мохоож дийлэхгүй болохоор бид биеэ биеэ хайрламаар. Яагаад гэвэл бид яг адилхан ХҮН. Шаналал бидний зүрхийг яг адилхан өвтгөж, доромжлол биднийг яг адилхан мөс шиг хайрч, хайр бидний сэтгэлд ав адилхан нар мандаадаг.

Хойд Солонгосын ард түмэн их удирдагчийнхаа араас гашуудан, нулимсаа үер адил урсгаж байна. Тэдний нулимс ямар нулимс вэ? Эрх баригчдаасаа гашуудан уйлах үүрэг даалгавар авсан ард түмэн радио, телевизээр хатуу анхааруулан явуулсан зарлалын дагуу уйлж байгаа гэх яриа чих дэлсэв. Идэвхтэй сайн уйлсанд нь шуудай гурил, бага зэрэг уйлсанд нь ширхэг талх, бүр уйлаагүйд нь хатуу шийтгэл оногдож байгаа тухай олж уншсанаа нэгэн танил маань хуучлав. Арай ч дээ, өлөн зэлмэн ард түмнийхээ нулимсыг хоолоор худалдан авлаа гэж үү?

Зовж, туйлдсан төвд хүмүүсийн зодуулж, яргалуулах бичлэгийг хараад зарим хүн “Хохь нь” хэмээн тавлах нь хирдхиймээр. Зарим нь тавлан инээж, нүднээс нь нүгэлт нулимс урсав. Бусдын зовлонгоор зугаа хийн, бахаа хангагчдын “баярын” нулимс хүний цусаар сэлбэгддэг ажээ. Азийн зүрхийг дэрлэн ханаа дугуйлсан бид азтай юм. Хүссэн үедээ жагсаж, хүссэн цагтаа өлсөж, хүссэнээрээ үнээ нэмж, хүссэнээрээ суудлаа сольж, дуртайгаа муулж, дуртайгаа бурж, эзгүй талд морьтой давхих мэт эрх дураараа жаргадаг. Өвгөдийн үлдээсэн буянд холбирч, тэнгэрийн хайрласан ивээлд туйлж яваа дэндүү жаргалтай хүмүүс. Бид төрсөн нутагтаа хүн шиг амьдрахыг хүсэн, шаналж цөхөрдөггүй. Бид өл зогоох хоол олохын төлөө хил даван хүйтэн голын усанд живж үхэх шахан зугтан сэлж, баригдан эрүүдэн тамлуулдаггүй. Бид ширхэг талхны төлөө нулимсаа худал урсгадаггүй. Бид эрх чөлөөг хүсэмжлэхдээ цусаараа гал өрдөн өөрийгөө шатаадаггүй. Гэсэн ч бид азгүй хүмүүс. Дэргэд минь бидний нэг ийн тарчлахыг харж суугаа азгүй хүмүүс. Тийн зовох хүмүүсийг тавлан доромжлохыг сонсож суугаа азгүй хүмүүс. Бусдын жаргалд нүд нь хорсдог муухай хүмүүс, бусдын зовлонд нүд нь гэрэлтэн нулимсаа цувуулан инээдгийг олж мэдсэн азгүй хүмүүс. Ийн гуниглахдаа бид Далай ламтай хамт уйлж сууна. Хүн мөс шиг хүйтэн болж, биеэ биеэ хөлдөөх шахан хайрахыг хараад гашуудан цурхирсан өвгөн эрийн нулимс бидний зүрхэнд дуслав.

Хамгийн сүүлд та хэзээ уйлсан бэ? Тэр нулимс баярынх байсан уу? Эсвэл гомдлынх уу? Үгүй бол хагацал шаналалын нулимс уу? Эсвэл…

"ДАЛАЙ ЛАМ УЙЛЖ БАЙНА" бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Б.ЦАЦРАЛ

ArtLar House

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж