-Сүүлийн үед таныг хэвлэлээр “Монголросцветмет нэгдэл” ХХК-д ерөнхий геологчоор ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан ашигт малтмалын ихээхэн нөөц бүхий газруудыг өөрийн нэр дээр болгосон. Улмаар энэ хэрэг нь илэрсэн ч хэргийг нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх нэрийдлээр авч хэлэлцээгүй” гэж бичих болсон. Энэ бүхэн таныг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болсонтой холбоотой юу?
-Энэ асуудал албан тушаалтай холбоотой юу эсвэл өөр зорилго байгаа юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. “М.Ариунбаярт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” гэж яриад байгаа. Гэтэл энэ нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон ч хуулийнхаа үндэслэлээр хэргийг мөрдөн шалгах цаг хугацаа нь өнгөрсөн тохиолдолд хэрэглэдэг үг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэсэн үг шүү дээ. Гэтэл тухайн үед энэ асуудлыг зохих хууль хяналтын байгууллагууд нь шалгаад гэмт хэрэг биш гэдгийг нь албан ёсоор нотолж хэрэгсэхгүй болгосон. Тиймээс би энэ асуудалтай холбоотой бүх нотлох баримтыг дэлгэсэн албан ёсны тайлбарыг ойрын үед өгөх бодолтой байна. Үндсэндээ миний талаар 1.5 жил нэг л асуудлыг тойрч ярьж, бичсэн. Сүүлдээ тэр нь ойлгомжгүй зүйл болж хувирах нь байна.
-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг танд холбогдох хэргийг шалгаж байхдаа нуун дарагдуулах оролдлого хийснээс болж АТГ-ын удирдлагууд түүнийг тагнаж, чагнасан. Гэтэл удирдлагууд нь буруутан болж, Э.Амарбат, М.Ариунбаяр хоёр албан тушаал дэвшсэн тухай мэдээлэл ч гараад байгаа шүү дээ. Та Э.Амарбаттай ямар холбоотой байсан юм бэ?
-Тийм мэдээлэл гараад байгаад би ч өөрөө гайхаад л сууж байна. Би Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нартай уулзаж үзээгүй. Бусад хүн шиг телевиз, сониноос л тэдний тухай мэдээлэл авдаг. Э.Амарбаттай нүүр тулан уулзаж үзээгүй. Шалгуулж байхдаа ч уулзаж байгаагүй, ер нь огт танихгүй хүн шүү дээ. Тиймээс би Э.Амарбаттай хувийн болон хувьсгалын хэргээр уулзаж байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж чадна.
-Ингэхэд таныг Ашигт малтмалын газрын даргын албан тушаалыг хууль бусаар хашиж байгаа гэсэн яриа гараад байгаа. Ингэхэд та яг одоогоор ямар үүрэгт ажлыг хийж байна вэ?
-Намайг Ашигт малтмалын газрын даргаар томилоогүй шүү дээ. Төрийн албаны тухай хуулийг дагаж гарсан журмын дагуу ямар нэгэн хэрэгжүүлэгч агентлагийн дарга албан тушаалаасаа буусан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулж, Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ. Дараагийн даргыг сонгон шалгаруулах хүртэл салбарын сайд нь шийдвэр гаргаж даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох ёстой гэсэн байдаг. Гэтэл “Салбарын сайд нь дур мэдэн агентлагийн даргыг томилсон” гэсэн мэдээлэл гадуур гараад байгаа юм билээ. Би сонгон шалгаруулалт явуулж агентлагийн даргыг томилох хүртэлх хугацаанд даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа хүн. Сонгон шалгаруулалтын дараа шинэ дарга томилогдож ирэхэд би өмнөх албан тушаалаа хашина. Тэгээд ч би хуучин албан тушаалаа хашсан хэвээр байгаа.
-“Таныг энэ албан тушаалд очих нь анхнаасаа тодорхой болсон байсан. Геологи судалгаа, Уул уурхай, Нүүрс судалгааны хэлтэс гэж байсаар байтал дахин Геологи, уул уурхайн алба байгуулж шинэ орон тоо гаргаж өгсөн” гэх нь ч бий. Яагаад ийм яриа гарах болов?
-Энэ асуултад хариулахын тулд Геологи, уул уурхайн алба юу хариуцдаг вэ гэдгээс эхэлж ярих нь зүйтэй байх. Геологи судалгааны хэлтэс бол улсын төсвийн хөрөнгө болон хувийн хайгуулын ажлуудын геологийн талын мэдээлэл, үр дүнг нь нэгтгэх, чанарт нь үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хариуцдаг. Харин Уул уурхайн судалгааны хэлтэс уул уурхайн цогц үйл ажиллагааны тухай асуудлыг хамаардаг. Нүүрс судалгааны хэлтэс нь нүүрсний олборлолт, боловсруулалтын асуудлыг хариуцдаг. Эдгээр хэлтэс явж явж бүгд л нөөцтэй холбогддог. Нөөц мөн үү, үгүй юү гэдгийг ярихын тулд эдийн засаг ярина. Эдийн засгийн тухай ярихын тулд уул уурхайн технологиудыг мэдэх ёстой. Энэмэтчилэн дээрх хэлтсүүд яах аргагүй хоорондоо холбогдож таарч байгаа биз. Тиймээс эдгээр хэлтсийг хооронд нь холбож, зохицуулалт хийж, удирдлагаар хангах хэрэгтэй гэсэн үүднээс 2009 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн Геологи, уул уурхайн албыг байгуулсан юм. Энэ албанд намайг санаандгүй томилсон гэж боддоггүй. “Монголросцветмет нэгдэл” ХХК бол геологи, уул уурхайн арвин туршлагатай байгууллага. Би “Монголросцветмет нэгдэл” ХХК-д уурхайн геологичоос нь эхлээд ерөнхий геологич хүртэл нь ажиллаж байсан. Уул уурхайн салбарт хүдрийн, шороон орд болон нүүрсний уурхай гэсэн чиглэлээр л үйл ажиллагаа явуулдаг. Би “Монголросцветмет нэгдэл” ХХК-д ажиллаж байхдаа дээрх гурван ордын уул уурхайн ашиглалтын талаар хангалттай мэдээлэлтэй болж чадсан. Цаашлаад энэ нь геологийн асуудалтайгаа хэрхэн нэгддэг гэдгийг ч мэдэж авсан туршлага маань энэ албаны даргаар томилогдоход нөлөөлсөн гэж бодож байна. Түүнээс биш даргын суудалд суулгах гэж надад зориулж шинэ албан тушаал тусгайлан гаргасан зүйл байхгүй. Боломж ч үгүй.
-Ашигт малтмалын газрын дэд дарга Геологи, уул уурхайн албаны даргаас илүү статустай. Гэтэл дэд даргыг нь алгасаад таныг даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр томилсон нь л ийм хардлагыг үүсгээд байгаа байх гэж бодож байна?
-Би бол томилогдсон хүн. Тэгэхээр энэ асуултыг томилсон хүнээс нь асуух нь зөв байх.
-Ерөнхийлөгч Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон. Энэ хоригийг үргэлжлүүлэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн. Та хоригийг цуцлаасай гэж бодож байна уу?
-Нэг жишээ дурьдъя. ОХУ-ын Эрдэс баялгийн асуудал хариуцсан сайд байсан Козловскийн бичсэн номд “Геологийн судалгааны ажлыг уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанаас хамгийн багаар бодоход 15 жилээс дээш хийх ёстой. Тэгэж байж тухайн улс орон эрдэс баялгийнхаа стратегийг хадгалдаг” гэсэн байдаг. Үүнийг л бид баримтлах ёстой. Энэ хооронд геологи судалгааны ажлыг хийдгээрээ л хийнэ. Тиймээс Ашигт малтмалын тухай шинэ хууль баталтал Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг үргэлжлүүлж байхад болно гэж үзэж байгаа. Энэ хооронд улсын төсвийн ажлынхаа хэмжээг сайн нэмээд улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа геологийн зураглалын ажлыг нэмэхэд судалгааны ажлын тактик алдагдахгүй байх гэж бодож байна. Тухайлбал, Оюутолгойн ордын суурийг анх 20-30 жилийн өмнө илрүүлж байсан шиг бэлтгэлээ базаагаад явах ёстой юм.
-Гэтэл зарим хүн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хоригийг цуцлах ёстой. Илрээгүй байгаа нөөцийг тогтоох ёстой” гэсэн байр суурьтай байгаа шүү дээ?
-Одоо мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар бол нөөц тогтоосны дараа ашиглалтын тусгай зөвшөөрлийг шууд олгох эрх нь нээгддэг. Тиймээс Ашигт малтмалын тухай шинэ хууль баталтал хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байх нь зүйтэй гээд байгаа юм. Шинэ хуульдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохын өмнө бүх нөхцөл, шаардлагыг нь тусгасан байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох нь хоргүй. Нөгөөтэйгүүр хайгуулын тусгай зөвшөөрлийг яагаад олгохыг хориглоод байгаа вэ гэхээр тодорхой цаг хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг зориулалтаар нь бус дан ганц бизнесийн зорилгоор ашиглаж байсан. Энэ нь өнөөдөр ийм сөрөг талуудыг бий болгосон. Тиймээс энэ сөрөг талыг нийгэмд зөв ойлгуулах хүртэлх тодорхой хугацаанд алдагдал гарна. Гэвч энэ хугацааг ашиглаад засвар, сууриа сайн бэлтгээд нэг мөр ойлголттой болсныхоо дараа үйл ажиллагаагаа эрчимтэй явуулахад боломж гарах байх аа.
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг бизнесийн зорилгоор ашигладаг байсан гэж борлуулах, шилжүүлэхийг хэлээд байна уу?
-Шударгаар хэлэхэд хайгуулын ажил хийлгүй борлуулахыг л хэлээд байгаа юм.
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх нэрийдлээр гадны компаниудад борлуулах нь ихэссэн. Ингэхдээ ихэнх тохиолдолд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд тусгай зөвшөөрөл авах сонирхолтой байдаг юм билээ. Энэ тал дээр ямар хяналт тавьж ажилладаг юм бэ?
-Тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлт Ашигт малтмалын газарт гаргавал бид хуульд заасны дагуу шийдэх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуульд хятадууд, канадууд тусгай зөвшөөрөл авч болохгүй гэсэн заалт байхгүй учир шаардлага хангасан материал аваад ирсэн тохиолдолд бид шийдэж өгөх ёстой. Шийдвэрлээгүй тохиолдолд зохих хуулийн дагуу шүүхэд дуудагдана. Сүүлийн үед томоохон орд газруудын хэмжээнд хөрөнгө оруулагч орж ирж байгаа асуудлууд бий. Хөрөнгө оруулахын хэрээр компанийнх нь хувьцааг худалдаж авч байгаа нь ойлгомжтой. Энэ ч бас тусгай зөвшөөрлөө худалдаж байгаа нэг хэлбэр мөн. Гэтэл тэр компани тусгай зөвшөөрөлтэй байдаг. Тиймээс тусгай зөвшөөрлийг зөвхөн шилжүүлж байгааг борлуулж байна гэж үзэж болохгүй. Бусад төрлийн бизнест ч ийм үзэгдэл ажиглагддаг учир үүнийг би бизнесийн үйл ажиллагаа гэж үздэг. Гэхдээ хамгийн гол нь “Хэн худалдаж авч байна вэ” гэдгээс илүү Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг ягштал мөрддөг. Холбогдох татвараа төлдөг. Нийгмийн хариуцлагатай, хүний аюулгүй байдлын хамгаалалт сайтай, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх нь л чухал.
-Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарыг улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон Шивээ-Овоогийн ордод хувийн компани үйл ажиллагаа явуулах эрхийг нууц гэрээний дагуу олгосон гэсэн шуугиан дэгдсэн. Ийм зүйл байж болох юм уу?
-2007 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар л дээрх шиг асуудлыг ярьж эхэлсэн. Түүнээс өмнө 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталж байсан. Тэгэхээр 2007 он хүртэл энэ салбарт үйл ажиллагаа явуулж байсан компаниуд 2007 онд шинэ хууль батална гэж мэдээгүй. Тэр үед мөрдөж байсан хуулийн дагуу л хийж байсан үйл явцууд шүү дээ. Урд нь ямар хууль мөрдөж байлаа. Тэр хууль ямар зорилготой байсан, үүргээ биелүүлсэн үү гэдэг өөр асуудал. Дараа нь шинэ хууль батлахаар урд нь хууль байгаагүй юм шиг өөр талаас нь харуулаад байгаагаас ийм асуудал үүсээд байгаа юм. Тэгэхээр өмнөх хуульд юу гэж заасан байсан юм. Дараагийн шинэ хууль ямар болох юм бэ гэдгийг анхаарч зөв зохицуулж явах ёстой. Түүнээс биш 2007 оны хуулийг зөрчөөд стратегийн ордуудын тусгай зөвшөөрлийг олгоод байвал хууль зөрчсөн болно. Тэгэхээр холбогдох эрх бүхий бичиг баримтынхаа хүрээнд шийдсэн асуудал гэж үзэж байна.