Ноён Шимэгчийг өрөвдөн бичсэн захидал

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Ноён Шимэгчийг өрөвдөн бичсэн захидал

“…Хэрвээ би Японд, Германд амьдарч байгаад тэр нийгэмд миний муусайн хөгжмийг ашигласан бол би өдийд хувийн онгоцтой байхаар шахуу хүн л дээ… (инээв)” /Өдрийн сонин №289 (3991) 2011.12.01/ хэмээн ноён аугаа их Питер Китинг цурхирчээ. Юутай гаслан, ямар гээчийн гачлан бэ? Хэмжээлшгүй ихээр түүнийг өрөвдөв. Гэхдээ Германд Бетховен,  Моцарт нарын жинхэнэ эгэлгүй суутнууд ноён Питер Китингийн сургийг ч гаргахгүй л дээ. Харин Японд сүүмэлзэх лаа төдий горьдлого байж мэдэх л юм. Гэвч амаргүй! Ямартай ч эрхэм ноён Китинг өөрийн Монгол Улсаа ихэд чамлан, тэчияадан бухимджээ. Ийм агуу ноёнтныг Германд, эсвэл Японд төрүүлээд өгөхгүй яасан хүний мөсгүй, өөдгүй явдал болоо вэ.

© С.Цогтбаяр

Монгол дахь Камерон, Ховард нар ноён Китингэд “цусаа шимүүлж”, толгой дээрээ залснаас болж ийм гачлант бөгөөд гаслант явдал болоод байгаа хэрэг. Өөр нэг уйтай явдал бол Камерон, Ховард нар Монголд огт алга байж мэднэ. Байсан байлаа гэхэд бүгд бурхны оронд заларсан байж таарна. Тийнхүү тэнгэрийн оронд явсан хойгуур мань Питер Китингэд ашгүй нэг орон зай гарч ганц гялайсан билээ.

Ухаантай ноёнтны дүр эсгэгч Питер Китинг бусдад түшигтэй эрдэмтний “алхаагаар намбайтал алхаж”, энэрэнгүй халамжлагчийн царайг нүүрэндээ “шигтгэн” бусдын авьяасыг цус сорогч адил шимж буйдаа ханаж цадахыг үл мэдэн, харин ч улам өлсгөлөн болж, алдар нэрийн яндашгүй далайд тааваар умбах адын шуналд улам гүнзгий идэгдэх болов. Тийнхүү шуналын мананд ухаан мэдрэлгүй балартан явахдаа тэрбээр “…жүжигчин, дуучин болоод гүйцэтгэгч уран бүтээлчид Төрийн шагнал авах эхлэл өнгөрсөн жил нээгдэн Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа өгсөн. Тааллаараа өгч байна гээд зүгээр цай уунгаа өгчихдөг юм биш, бодож байж өгдөг шагнал шүү дээ…” |Өдрийн сонин №289 (3991) 2011.12.01| хэмээн халаглажээ. Ноён Китингийн санаа бодолд энэ нийгэмд болж буй бүхий л үзэгдэл юмс нийцэж байх учиртай юм санж. Тэрбээр цааш нь “…Дээр үед бол бүтээлийн эхийг хийдэг улсуудад Төрийн шагнал өгдөг бичигдээгүй хууль тогтсон байсан…” |Өдрийн сонин №289 (3991) 2011.12.01| гэжээ. Түүний түмэн зөв өө. Эх бүтээл үгүй бол яаж адаг нь байх билээ. Гэвч адаг буюу үр дүнд хүртэл аливаа бүтээл урт зам туулж, арга билгийн учиг ухаанаар эмхлэгдэн жинхэнэ уран бүтээл болдог. Жишээлбэл, ноён Китингийн аяыг нь бичиж, өөр нэгэн уран бүтээлчийн үгийг нь туурвисан “Байн байн санаа алдахад минь” хэмээх урт нэртэй нэгэн дууг миний бие дуулсан юм. Китингийн нэрлэдэг, үнэлдэг, дүгнэдгээр гүйцэтгэгч тодотголтой би вээр тэр дууг дуулахдаа хэрхэн анзааран, анхаарч, ажилласнаа дуулгая!

“Байн байн санаа алдахад минь
Баруун хойноос салхилаад өгдөггүй ч байгаа даа
Гэлдрээ зөөлөн сэвшээнд шүгэлсэн
Гэзэгний чинь үнэр хийсээд ирдэггүй ч байгаа даа…”

Энэ үгс дууны эхний бадаг нь. Үгнээс үүдэлтэй аялгуу нь үг зохиогчийн дотоод ертөнцийн догдлол, хүлээлт, гэгээхэн гунигийг мэдэрч урсан гарч ирсэн нь дамжиггүй. Аялгуу, үг хоёрын сүлэлдээн тэмүүлэл, хурдыг давхар мэдэрсэн дуучин миний ажил үүн дээр нэмэгдсэн билээ. Чухам ямархан ажил яаж нэмэгдсэн гэдгийг одоо тайлбарлая. Хэнгэнэтэл санаа алдан тэсч ядсан хүлээлтийг бараг орилж хашгирмаар санагдсан хүний эс бүхэн нь шатаж буй шаналан, энэ шаналан арга барагдан унахдаа “…гэзэгний чинь үнэр” гэж цурхирч байгаа мэдрэмж, хүний сэтгэлд шигж ширгээгдсэн драмыг үг нэг бүрээр ухааран оргилуулах бүтээлч сэтгэмжээр дамжин энэ дуу төрсөн юм. Энд би зөвхөн нэгдүгээр бадгийн задаргааг өнгөцхөн өгүүллээ. Хоёр, гуравдугаар бадгуудад өөр өөр, ялгаатай өсөлтүүд гарна. Их нарийн чимхлүүр ажил шүү. Дууны үг зохиогч, аялгуу бичигч хоёрын санаагүй, бодоогүйг ч дуучин, жүжигчин хүн олж, нэмж, улам баялаг бүтээл болгодог юм даа. Миний хувьд аливаа бүтээлд ингэж л ханддаг. Сайн дуучин, жүжигчний асар их бодрол, ухаарал, цаг хугацаа, хөдөлмөр орсны дүнд сая аливаа дуу бүтээл болон бүрэн утгаараа төрдөг. Ерөөс аялгуу зохиогч, үг зохиогч, дуучин гурвын арга билгийн ухаан нийлсэн бүтээлч хандлага сайн дууг төрүүлдэг билээ. Тийм болохоор дуучин, жүжигчин хүмүүс ч ялгаагүй бүтээгчид мөн. Гүйцэтгэгчид бус. Гүйцэтгэгч гэдэг үг хааны зарлигаар цаазаар авах ял биелүүлэгч, эсвэл шүүхийн шийдвэрээр гэмт хэрэгтнийг хорих, шийтгэх ажил хийдэг хүмүүст илүүтэй хамааралтай мэт санагдана.

Шүлэг найраглалыг амилуулах, тайз дэлгэцийн дүр бүтээх тухайтад бүр ч нарийвчилсан задаргаа, гүнзгий судалгаа хийдгийг гүехэн бодолтон яаж мэдэх вэ, бас яаж мэдрэх вэ дээ? Ноён Китинг андуураад байна уу? Эсвэл атаархлаа шатааж, сэтгэхүйн хар үнс болгон, жөтөөрхлөө нэрж, чөтгөрийн хорз болгон цацах хүсэлд автаа юү? Ноён Питер Китинг “Жаран цагаан адуу”-наас өгсүүлээд ардын дууны аялгуунаас шимж, сайн бүтээлүүдийг хийсээн. Түүнийг үгүйсгэж яахин болох билээ. Тэр бас авьяаслаг Камероны “Морин хуур” шүлгэнд аялгуу зохиохдоо “Субару” хэмээх Японы нэгэн хөгжмийн зохиолчийн дууг шууд хуулаад туучихсан. “Энэ дуу чинь “Субару”-тай ямар адилхан юм бэ?” гэхээр “Тийм ээ, хүний юмыг авбал өөрийн юм шиг л авах хэрэгтэй” гэж хэнэг ч үгүй хэлж зогсдог эрээгүй хулгайч! Ноён Китинг бусдын авьяас, оюун ухааныг шимэхээс гадна бас хулгайлна гээч!

Энэ хүн багшийнхаа зээ хүү рүү атаархлын хар үнсээ цацав, жөтөөрхлийн хорзоо нулимав. Багшийн чинь сүнс харж л байгаа даа, ноён Китинг гуай! Одоо яана даа?! Эх бүтээл туурвигч, бүтээгч |гүйцэтгэгч бус| ноён Китинг нэг ч дуурь, симфони бичсэн түүхгүй билээ. Одоо яая гэхэв, өөрийгөө ийн өргөмжилсөн “том хөгжмийн зохиолчийнх” нь хувьд өрөвдөөд л орхиё! Харин би өрөвдүүлэхийн эсрэг амьдардаг, бардам нэгэн. “Өөрийгөө элээж, өрөөлийг ирлэх…” гэж ирээд л бусдын төлөө өөрийн биеийг умартан санаа зовнигч аугаа Китингүүд хэлснийхээ эсрэг үйлдэж, үйлдсэнийхээ эсрэг ярьдаг эдгэрэшгүй, ужиг эмгэгтэй билээ. Ужиг энэ эмгэгт харьж яваа хөгшин ч, ханхалзаж яваа идэр залуу ч ялгаагүй нэрвэгдэх аж. Хөөрхий, хоцрогдсон оюуны мөхлүүд… Өөрсдийгөө онцгой гэж эндүүрэх андуурлын паянгууд…

Энэхүү бичвэрийг уншсан хүн Айн Рэндийн “Эх сурвалж” романыг уншсан бол шууд ойлгоно. Уншаагүй бол унших хэрэг гарна. Эл романыг философич Батчулуун орчуулсан юм. Тэр гайхамшигт номыг унших шалтаг өдөөсөн намайг бүү уучил! Ноён Китингийг Япон, эсвэл Германд төрүүлээд, амьдруулаад өгдөггүй яасан гаслантай, бас гачлантай хорвоо вэ?


Китингүүдийн амрыг эрсэн Төрийн соёрхолт  Догмидын Сосорбарам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж