Хотын дарга нар Улаанбаатарт чуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Хотын дарга нар Улаанбаатарт чуулж байна

Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны 15 дугаар чуулган өнөөдөр Улаанбаатар хотод эхэлж байна. Нэгдүгээр сарын 13-15 ны өдрүүдэд зохион байгуулагдах тус чуулганд Япон, АНУ, БНХАУ, Эстони, БНСУ, ОХУ зэрэг зургаан улсын 12 хотоос 50 гаруй төлөөлөгч оролцож байна. Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбоо 1981 онд байгуулагдаж байжээ. Улмаар Японы Саппора хотод 1982 онд анхны чуулганыг зургаан улсын есөн гишүүн хоттой хийснээс хойш уг арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн байна.   “Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал”  уриан дор өвөл болдог хотуудыг нэгтгэж тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулах, бие биеэсээ туршлага судлахад тус холбооны бодлого үйл ажиллагаа чиглэдэг байна. Өмнөх чуулгануудын үеэр өвлийн хотуудын удирдлагууд хот төлөвлөлт, өвлийн нийтийн тээвэр, цас цэвэрлэх, зайлуулах асуудал болон өвлийн аялал жуулчлал, байгалийн нөөц бололцоо сэдвүүдээр санал бодол туршлагаа солилцож иржээ. Мөн өвлийн улиралд тулгардаг бэрхшээлүүдийг таатайгаар даван туулах арга замыг эрэлхийлэх нь энэ чуулганы зорилго болдог байна. Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны ерөнхийлөгч нь Саппора хотын дарга бөгөөд нарийн бичгийн дарга нарын холбооны төв нь Саппора хотод байрладаг. 

Дэлхийн өвлийн хотуудын холбоонд Улаанбаатар хот 1998 онд элсчээ. Өнгөрсөн хугацаанд холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож ирсэн бөгөөд 15-р чуулган Winter Expo-г Улаанбаатар хотдоо зохион байгуулж байна.

“Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал” уриан дор зохиогддог өвлийн хотуудын чуулганыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нээж үг хэллээ. Түүнчлэн Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны  ерөнхийлөгч Саппора хотын дарга Уеда Фумио, Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл экологи хариуцсан орлогч Д.Ганболд нар нээлтийн ажиллагаанд үг хэллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат Улаанбаатар хотын цахилгаан дулааны талаар илтгэл тавих бол “УБ дулааны сүлжээ” ХК-ны захирал Д.Бямба-Очир Дулааны нийлүүлэлтийн үр ашигтай хэрэглээ, “УБ цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны захирал Б.Саранжав Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог Өвлийн хотууд дахь агаарын бохирдол, бууруулах арга зам сэдвүүдээр тус тус илтгэл тавих юм.

Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбоо 10 гишүүн хоттой. БНХАУ-ын Харбин, Чанчун, Жиамуси, Жилин, Жихи, Чичихар, Шеньяанг, Эстони улсын Маарду, Виймши, Японы Аомори, Саппора, БНСУ-ын Тебэк, Хвачон, Литва улсын Канаус, Норвеги улсын Тромсо, ОХУ-ын Магадан, Новосибирск, Южно-Сахалинск, АНУ-ын Анкореж, Грийнландын Нүүк, Монгол Улсын Улаанбаатар хот гишүүн хотод багтдаг байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж