Дэлхийн өвлийн хотуудын холбоонд Улаанбаатар хот 1998 онд элсчээ. Өнгөрсөн хугацаанд холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож ирсэн бөгөөд 15-р чуулган Winter Expo-г Улаанбаатар хотдоо зохион байгуулж байна.
“Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал” уриан дор зохиогддог өвлийн хотуудын чуулганыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нээж үг хэллээ. Түүнчлэн Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны ерөнхийлөгч Саппора хотын дарга Уеда Фумио, Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл экологи хариуцсан орлогч Д.Ганболд нар нээлтийн ажиллагаанд үг хэллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат Улаанбаатар хотын цахилгаан дулааны талаар илтгэл тавих бол “УБ дулааны сүлжээ” ХК-ны захирал Д.Бямба-Очир Дулааны нийлүүлэлтийн үр ашигтай хэрэглээ, “УБ цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны захирал Б.Саранжав Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог Өвлийн хотууд дахь агаарын бохирдол, бууруулах арга зам сэдвүүдээр тус тус илтгэл тавих юм.
Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбоо 10 гишүүн хоттой. БНХАУ-ын Харбин, Чанчун, Жиамуси, Жилин, Жихи, Чичихар, Шеньяанг, Эстони улсын Маарду, Виймши, Японы Аомори, Саппора, БНСУ-ын Тебэк, Хвачон, Литва улсын Канаус, Норвеги улсын Тромсо, ОХУ-ын Магадан, Новосибирск, Южно-Сахалинск, АНУ-ын Анкореж, Грийнландын Нүүк, Монгол Улсын Улаанбаатар хот гишүүн хотод багтдаг байна.