Боловсролын хуулийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Боловсролын хуулийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад түр завсарлалаа.  Энэ нь ардчилсан Үндсэн хууль баталсны 20 жилийн ойд зориулан Төрийн ордны Их танхимд хүндэтгэлийн хуралдаан болохтой холбоотойгоор хэлэлцэж буй асуудлаа түр орхисон юм.

Харин чуулганаар хэлэлцсэн дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, П.Алтангэрэл санаачлан мэдүүлжээ. Эл төсөлд тусгаснаар орон нутагт ажиллаж байгаа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, номын санч, байрын багш, нийгмийн ажилтан, сургуулийн эмч нарт таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох. Мөн багш нарыг улсын зардлаар мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтад хамруулах, боловсролын салбарт ажиллагсдыг таван жил тутамд эмнэлгийн үзлэгт үнэ төлбөргүй оруулж байхаар заажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Боловсролын салбарт зөвхөн багш, захирал, байрын багш, нийгмийн ажилтан гэсэн албан тушаалтнууд ажилладаггүй. Цаана нь сургуулийн тогооч, галч, манаач, цэвэрлэгч гээд олон ажилтан ажлын хүндийг нуруун дээрээ үүрч яваа. Эдгээр хүмүүс 10, 20 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа хэрнээ  таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулалд хамрагдаж чаддаггүй. Хэрвээ энэ хуулийг төсөлд заасан ийм явцуу хэлбэрээр нь батлах юм бол ажилчид гомдолтой хоцорно, бас барьцана. Тэгэхээр эдгээр ажиллагсдыг таван жил тутамд олгох урамшуулалд хамруулж болдоггүй юм уу. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд мөн л эдгээр ажилчдыг орхигдуулсан байсан, ингэж ялгаварлаж болохгүй. Боловсролын сайдаас энэ талаар лавлахад тоймтой хариулт өгөөгүй” гэлээ.

Харин төсөл санаачилсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Гарцаагүй хөндөх ёстой асуудлыг тавилаа. Үнэхээр багш нарын нэгэн адил нэг зорилгын төлөө, ижил нөхцөлд сургуулийн дотуур байрны тогоочоос эхлээд галч, цэвэрлэгч, манаач нар ажилладаг. Тэгсэн хэрнээ ямар ч урамшуулал авдаггүй. Багш нарын хувьд жагсаж цуглаж байгаад асуудлаа шийдүүлээд авсан байдаг. Тэгэхээр энэ бол зайлшгүй авч үзэх, шийдэх ёстой тул хэлэлцүүлгийн шатанд санал гаргаад сургуулийн тогооч, цэвэрлэгч, манаач нар тогтвортой таван жил ажилласан байвал багш нарын нэгэн адил зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авдаг байхаар зааж өгөх нь зөв алхам болно” гэж тайлбарласан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж