Нью Йоркийн филармонийн тоглолтыг гар утас тасалдуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Нью Йоркийн филармонийн тоглолтыг гар утас тасалдуулжээ

    Фото © Chris Lee
Энэ сарын 10-нд Нью Йоркийн филармонийн оркестрыг дохин Малерын 9-р симфонийг тоглуулж байсан удирдаач Алан Гильберт танхимд дугарсан гар утаснаас болж хөгжимчдөө зогсоосон тухай The New York Times мэдээлж байна.

Эвер Фишерын танхимд бүтээлийн сүүлийн хэсгийг тоглож байх үед гар утас дугарч, нэлээн удаан “эгшиглэсэн” байна. Энэ үед Гильберт удирдахаа зогсож хонх жингэнэсэн зүг рүү эргэж харжээ. Үзэгчид нэгэн хосыг заахад удирдаач утсаа салгахыг хүссэн байна.

Утсаа яг салгасан эсэхийг лавласныхаа дараа Гильберт тоглолтыг үргэлжлүүлэхээр болж, эхлээд үзэгчдээс уучлалт гуйхад нь танхим нижигнэтэл алга ташжээ.

Дараа нь өгсөн ярилцлагандаа удирдаач энэ бүхнийг их сүртэй зүйл биш гээд, харин гар утасны эзэн “хэргээ хүлээхгүй” удсан нь их “ер бусын” гэж онцолжээ. Харин мөнөөх “хэргийн эзэн” саяхан iPhone авсан учраас яаж дууг нь унтраахаа мэдэхгүй байсан нь тогтоогдсон байна.

Иймэрхүү тохиолдолд хөгжимчид ихэнхидээ тоглолтыг үргэлжлүүлсээр байдаг бөгөөд харин Нью Йоркийн филармонийхан хөгжимдөхөө зогсоосон нь олон нийтийн дунд нэлээн шуугиан үүсгэсэн юм.

Эх сурвалж: The New York Times

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж