Утааны эсрэг тэмцлийн үр дүнг чамлахаар чанга атга

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Утааны эсрэг тэмцлийн үр дүнг чамлахаар чанга атга

Утаагүй Улаанбаатартай  болох  мөрөөдөл нийслэлийн хүн  бүрт  бий. Энэ  мөрөөдөлд  хүрэх зам  амар, дөт  биш  боловч хаана хаанаа  хичээвэл хожмын нэгэн  өдөр  цээж дүүрэн амьсгалах мөч ирэх юм байна гэсэн итгэл найдвар нийслэлчүүдэд төрөөд байна. Өдгөөгөөс нэлээд хэдэн сарын өмнө  буюу халуун намраар л даа. Нийслэлийн  гэр хорооллуудад бүсчлэл тогтоосны дагуу төвийн хэсгийн хэд хэдэн хорооны гэр хорооллын  айлуудад Турк улсад үйлдвэрлэсэн утаа  бага гаргадаг  зуух  нийлүүлэх  ажил эхэлсэн юм. Эхэн үедээ иргэд энэ зууханд эргэлзэж байсан бол байдал  одоо огт өөр  болжээ. Зуух нийлүүлэх бүсэд багтаагүй хороо, дүүргийн иргэд хүртэл нүүрсэнд хэмнэлттэй, утаа багатай зуухыг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж эхэлсэн байна.

“Нийслэлийг утаагүй болгоно”  гэсэн  тодотголтой зуухууд Улаанбаатар  утаатай  болсон  цагаас хойш  үнэтэй  болон үнэгүйгээр бишгүй тараагдаж  л  байсан юм. Түлш их иддэг, хэрэглэхэд тохиромжгүй, халалт удаан гэсэн шалтгаанаар ажил  амжилтгүй  болох  нь  олон  байв. Дээрх нөхцөл  байдлын  улмаас иргэдийн  дунд  “Утаа  бага ялгаруулдаг зуухны хүчээр  утаанаас сална гэж үлгэр юм  байна” хэмээн итгэл алдарсныг бид мэднэ. Харин одоо байдал  өөрчлөгдөж эхэлсэн. Төрийн байгууллагууд, гадны  донор, дотоодын хувийн  хэвшлийнхэн утаа  бага ялгаруулдаг  зуухыг  сайтар судалж, туршлагатай үйлдвэрлэгчдээс импортоор оруулж ирж хэрэглээнд нэвтрүүлснээр агаар дахь хорт  утааны  хэмжээг үлэмж хэмжээнд бууруулах  ажил амжилт  олж эхэлсэн  байна. Энэ тухай өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы  индрээс Ерөнхий сайд онцолсон  нь сонирхолтой мэдээлэл  байлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мөн л энэ тухай чихэнд чимэгтэй мэдээ дуулгалаа. Яг өдийд, утаандаа хахаж, цацаж  байгаа  энэ үед утаа  багассан тухай  сайн мэдээ дуулж буй нь нийслэлийн гэр хорооллын айлуудын 25 орчим хувь нь  утаа багатай зуухтай болж, зарим хэсэгт нь түүхий нүүрс түлэхийг хориглосон зэрэг олон ажлын  үр дүн  болж  гарсан байна.  Зөвхөн Хас, Өлзий  зуухаас гадна  “Royal ocean” компанийн Дөл, Голомт нэртэй зуухнууд  нийлүүлэгдэж байгаа бөгөөд 2011 оны эцэс гэхэд нийслэлд  43 мянга орчим  айл өрх утаа  бага гаргадаг зуух хэрэглэж байна. Дээрх ажлыг Мянганы сорилын  сангийн “Цэвэр агаар  төсөл”, Засгийн газрын дэргэдэх “Цэвэр  агаарын сан”,  Хасбанк, “MCS” групп,”Сэлэнгэ констракшн” компани зэрэг байгууллагууд тал бүрээр хамтран ажилласны хүчинд ид  утааны  үеэр нэг  ч гэсэн таатай  мэдээ дуулгах үндэс нь болсон гэж  ойлгож болно. 43 мянган яндангаас хар биш  шингэн саарал утаа  гарч байна гэдэг чамлахааргүй амжилт ажээ. Хар эсвэл саарал өнгөндөө гол нь биш, утааны найрлага дахь хорт хийн агууламж багасч, агаарын бохирдол 15-18 хувь буурсан байна гэдэг нь чухал юм. Чамлахаар чанга атга гэдэг байх аа. Тэгээд ийм технологитой  зуухуудыг төвийн  бүсийн гэр  хорооллын  айлуудад нэг бүрчлэн хүргэж , хэрэглээнд нэвтрүүлж чадсан  учир утаагүй гудамжууд  нийслэлд бий болжээ.  Үүнийг Ерөнхий сайд онцлон нийтэд мэдээлсэн. Өмнөх төслүүдээсээ өөр  байж, өргөн хүрээнд  түргэн хугацаанд  тархсан Өлзий, Хас  зуухууд  үнийн хувьд тун боломжийн  байсан.  Зуухны үндсэн өртгийн 90 гаруй хувийг төрийн болон гадны донор байгууллагууд нийлэн нуруундаа үүрч, Өлзий  зуухыг 24300, Хас  зуухыг 50800 төгрөгөөр иргэдэд  хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа нь  өнгөрсөн таван сарын хугацаанд  дээрх амжилтад хүрэхэд гол нөлөө үзүүлжээ. Энэ бүхэн Улаанбаатараас хальж аймгийн төвүүдийг ч нөмрөөд байгаа утаатай тэмцэж эхэлж буй ажлын эхний үр дүн.

Сэлэнгэ Констракшнийн 200 гаруй ажилчин өдөрт  400-500 айлд зуухыг нь хүргэж өгч байгаа юм байна. Өмнө хэрэгжиж байсан төслүүдээс хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан хэлбэрээрээ Цэвэр агаар төсөл онцлог. Хасбанк, Хаан банк, MCS Сэлэнгэ Констракшн, Роял Оүшин зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд борлуулалт, түгээлтийн ажлыг нугалж байгаа. Яагаад  заавал  “МCS” иргэдэд зуух  тараах  ажилд оролцох  болов гэдэгт  янз  бүрийн  яриа  гарч байсан одоо ч гарч байгаа.

Энэ тухайд тус группын төлөөлөл “70 мянган зуухыг оруулж ирэхээс эхлүүлээд  айлуудад хүргэх, угсрах  бүхий л ажлыг өөрсдийн санхүүжилтээр, аливаа урьдчилгаа дэмжлэг авалгүй  хийж байна. Зуух эзэндээ очиж, хэрэглэж эхэлсний дараа хөнгөлөлттэй үнийн зөрүүг Мянганы сорилтын сан болон Цэвэр агаарын сангаас орж ирдэг юм. Өөрөөр хэлбэл, мөнгөө эхэлж гарган эрсдэлээ үүрээд, ажлаа сайн хийж зуух эзэндээ очсоны дараа эргүүлэн олж авч байгаа нийгмийн төлөөх үйл ажиллагаа юм. Ийм хэмжээний хөрөнгө зардал, хүн хүчийг өөрсдийн санхүүжилтээр богино хугацаанд хийх хариуцлагатай, чадвартай үндэсний компани гэж үзэн биднээр энэ ажлыг хийлгэх саналыг тавьсан байх. Бид хүлээж авч дэмжсэн учраас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж оролцож байна. Ажил маань ахицтай, агаарын бохирдол бууруулахад ач тусаа  өгч буйд урамтай байна” хэмээсэн юм. Цэвэр  агаар төсөл болон  Цэвэр агаарын сангаас төлөгддөг татаасны мөнгө нь зуухаар  бизнес хийж байгаа  гэж хардах сэтгэгдлийг  төрүүлдэг бололтой.  Монголд борлуулагдаж буй Өлзий зуухны үнэ 325 мянган төгрөг байхад Туркдээ жижиглэнгийн үнэ 500 лир буюу  350 мянга орчим төгрөг байдаг юм байна. Төрөөс холбогдох хууль тогтоомжийг нь баталж, татварын хөнгөлөлт, урамшууллаар дэмжсэний дүнд эдгээр зуухыг  Турк дэх  үнээс хямдаар борлуулах боломжтой болжээ. Туркээс худалдан авсан зуухыг далай дамнуулан тээвэрлэн авчирч, айл бүрийн гэрт хүргэх далайцтай ажлыг зохион байгуулахад зардал их гарч байгаа нь тодорхой. Энэ бүх ажлыг хийсний эцэст хүлээж буй “ашиг” бол агаарын бохирдол буурах явдал юм гэдгийг ч МCS-ийнхэн хэлж байлаа.

Яг  одоо Чингэлтэй  дүүргийн 10,11,12,13 дугаар хорооны гудамжуудад очвол бүрэн шаталттай зуухны  ачаар утаа ямар хэмжээнд  багасч байгааг мэдэрч  болохоор байна. Дээрх  хороодын бараг бүх өрх бүрэн шаталттай зуухтай болж  оргил галлагааны үеэр өтгөн хар  биш шингэн саарал утаатай гудмууд бий болоод  байна.  Харин сүүлд утаа  бага ялгаруулдаг зуухыг ашиглаж эхэлсэн Хан-Уул ,Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн хувьд  байдал арай  өөр  боловч үр  дүнгээ  өгч эхэлсэн  байна.  Зуухны ач холбогдлыг  ойлгосон айлууд анх удаа утаа багатай зуухны ажил амжилттай боллоо гэж төслийнхөнд талархлаа илэрхийлж  байгаа аж . 170  мянган  өрхийг  орон сууцанд  оруулах, хийн түлшээр дулааны  асуудлыг  шийдэх  хүртэл нэлээд хэдэн жил  бий  гэдэг нь  ойлгомжтой. Тэр  болтол хар утаандаа  хахаж  суулгүйгээр айл бүр утаа багатай зуух хэрэглэвэл үр  дүн гарна гэдгийг эхнээс нь  баталлаа  шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж