МАН-ын удирдах зөвлөл тодорхой шийдэлд хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

МАН-ын удирдах зөвлөл тодорхой шийдэлд хүрсэнгүй

АН хамтарсан Засгийн газраас гарсантай холбогдуулан өргөдлөө өгсөн сайд нарын оронд нэр дэвшүүлэхээр МАН-ын удирдах зөвлөл өчигдөр орой 19.00 цагийн үеэс эхлэн хуралдаж, шөнө дөл болтол үргэлжилжээ. Удирдах зөвлөлийн эх сурвалжийн мэдээгээр уг хуралдаанаас тодорхой хүний нэр дэвшүүлж ярилцаагүй байна. Харин сайд, дэд сайд нарт нэр дэвшүүлэх зарчмаар эхний удаад санал солилцжээ. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан болох юм. Түүгээр Удирдах зөвлөлөөр ярилцсан зарчмыг хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын бүрэлдэхүүн бүрдтэл Удирдах зөвлөл өдөр тутам хуралдаж байхаар болсон байна.

Гадаадад байсан ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх томилолтоо дуусгалгүй эргэн ирж, Удирдах зөвлөлийн хуралд оролцжээ. Зургаан сайдын оронд ямар зарчмаар, хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдэг асуудлаар МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар сайдад нэр дэвшүүлэх тал дээр өөр өөрийн хүнийг дэвшүүлэх эрмэлзэл байгаа тул анхны удаад тодорхой нэр дэвшүүлээгүй байж болох талтай гэнэ. УИХ-ын гишүүн С.Баяр ч хүнээ оруулах тал дээр ажиллаж байгаагаас одоогоор тодорхой хүн нэрлэж чадаагүй гэх.

Ямар ч гэсэн Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг бараг өрсөлдөгчгүй нэр дэвшүүлэх магадлал байгаа гэнэ. Түүний аав Ш.Жадамба агсан энэ яамыг 1990-ээд оны эхээр толгойлж байсан юм. Өрсөлдөгч олонтой яамаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам тодорч байна. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын гишүүн асан Ц.Шийрэвдамба нараас гадна өөр хүний ч нэр дэвших боломжтой аж. Сангийн сайдаар дэд сайд Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Р.Буд, Эрүүл мэндийн сайдад бараг өрсөлдөгчгүйгээр УИХ-ын гишүүн Д.Очирбат тодрох магадлалтай болжээ. Дэд сайд Ж.Цолмонгийн нэр дуулдаж буй ч сайд нарыг УИХ-аар бүрдүүлэх бодлогыг МАН барьж буй бололтой байгаа юм.

Харин тэргүүн шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын нэр дэвшиж болохоор дуулдаж байгаа ч тэргүүн шадар сайд заавал байх хэрэгтэй юү гэсэн асуулт ч гарч ирсэн дуулдана.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийнхэн нэгэнт хамтарсан Засгийн газар байхгүй болсон учир МАН-ын харьяалалтай одоогийн сайд нарыг бүгдийг солих асуудал хөндөж болзошгүй байгаа сурагтай. Хэдийгээр УИХ-ын бүрэн эрх дуусахад хагас жил орчмын хугацаа үлдээд буй ч намтартаа сайд байсан гэж бичүүлэх сонирхолтой хүн МАН дотор хэтэрхий олон байгаагаас болж АН-ын сайд нар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч орны хүнийг тавих дээр МАН-ын Удирдах зөвлөл ацан шалаанд оров бололтой.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж