Донтолт ба балансгүй амьдрал

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Донтолт ба балансгүй амьдрал

2006 оны зургадугаар сард Амстердамд “Smith and Jones” хэмээх  дэлхийн хамгийн анхны видео тоглоомонд донтогсдыг эмчилдэг эмнэлэг байгуулагдсан. Дэлхий даяар компьютерын тоглоом олон цаг дараалан тоглож, ядарсантай холбоотойгоор нас барсан олон тохиолдол бүртгэгдсэн.

2007 онд Хятадын цагаан сараар Zhinzhou мужид амьдардаг Xu Yan 15 хоног дараалан компьютер тоглосны улмаас нас барсан. 2007 онд Guanzhou мужид 30 настай нэг эрэгтэй гурав хоног дараалан компьютер тоглоод нас барсан.

2005 онд Хятадын нэгэн мэдээллийн агентлаг дараах мэдээг цацсан. “Xiao Yi 13 настай. Тэрээр 24 давхар байшин дээрээс үсэрч нас барсан нь компьютерын тоглоомонд донтсонтой холбоотой бололтой. Тэрээр нас барсныхаа дараа компьютерын тоглоомон дээр гардаг баатруудтайгаа диваажинд уулзана гэж найдаж байгаа тухайгаа бичиж үлдээсэн байна” гэж мэдээлсэн.

2005 онд Өмнөд Солонгосын Taegu хотод Soomin Lee интернет кафед ороод бараг 50 цаг дараалан тоглосны улмаас зүрх нь хаагдан, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн ч эмчлэгдэж чадалгүй нас барсан. Түүний талаар найз нар нь “Тэр компьютерын тоглоомонд бүр орчихсон байсан. Бид нар үүнийг нь мэддэг байсан. Тэр өөрийгөө зогсоож чадахгүй байсан” гэж ярьж байна. Түүний найз охин нь мөн “улаан тоглоомчин”. Soomin Lee нас барахаасаа зургаан долоо хоногийн найз охинтойгоо муудалцсан бөгөөд мөн ажлаасаа халагдсан байна.

2007 онд Вьетнамын цагдаагийн газар 81 настай эмэгтэйг дээрэмдэж, хутгалсан 13-тай хүүхдийг баривчилсан. Баривчлагдсан хүүхэд цагдаад “онлайн тоглоом тоглоход мөнгө хэрэгтэй болсон болохоор дээрэм хийж, хүн алахаар шийдсэн” гэсэн мэдүүлэг өгсөн гэж Earthtimes.org мэдээлсэн.

2005 оны 11 сард АНУ-ын иргэн 24-тэй Gregg J. Kleinmark санамсаргүй байдлаар бусдыг үхэлд хүргэсэн гэж яллагдсан. Тэрээр өөрийн ихэр хүүхдүүд болох Drew болон Bryn Kleinmark нарыг усанд оруулж байгаад, гурван өрөөний цаадах өрөөнд орж 30 орчим минут “Game Boy Advance” тоглоом тоглохоор арван сартай ихэр хүүхдүүдээ усны ваннад харгалзалгүй орхисон. Түүнийг 30 минутын дараа буцаж ирэхэд ихэр хүүхдүүд нь живж нас барсан байсан.

Филадельфи мужид амьдардаг 27 настай Tyrone Spellman Xbox тоглоом нь эвдэрсэнд уурласан уурандаа 17 сартай охиноо алсан хэргээр яллагдсан.

2007 оны 10 сард АНУ-ын Ohio мужид амьдардаг Daniel Petric эцэг эх нь түүний тоглодог Halo 3 тоглоомыг хурааж авсанд уурласандаа эцэг эхээ буудаж алсан. Шүүгч түүний ялын тогтоолыг уншихдаа “Хэрвээ эцэг эхээ буудвал тэд хэзээ ч сэрэхгүйгээр үүрд үхэх болно гэсэн бодол тэр үед түүний толгойд төрөөгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн. 2009 оны зургаан сарын 16-нд Petric –д 23 жилээс бүх насаар нь хорих ял оноосон.

Канадын Ontario хотод амьдардаг 15 настай Brandon Crisp 2008 онд Талархлын баярын өдөр гэрээсээ оргосон. Учир нь түүнийг Call of Duty 4 хэт их тоглож хичээлээ хийхгүй, сурлага нь доройтсон тул эцэг эх нь түүний Xbox 360-ыг хурааж авсан. Түүнээс хойш тэр сураггүй байсан бөгөөд хэдэн долоо хоногын дараа анчид түүний цогцсыг хотын хажуугын ойгоос олсон. Задлан шинжилгээгээр түүнийг модноос унаж нас барсан гэж тогтоосон.

Энэ бүх эмгэнэлт явдлууд санамсаргүй болсон зүйлс биш. Үүний цаана донтолт хэмээх зүйл шалтгаан нь болж байдаг. Донтолт гэж юу вэ? Донтолт, дон гэхээр ихэнх хүний санаанд хар тамхи, архи буудаг. Гэвч донтолт нь түүнээс илүү өргөн ойлголт. Донтолт гэдэг нь бие махбод, сэтгэл зүйн хувьд өөр зүйлээс хэт хамааралтай болж, улмаар тухайн зүйл хувь хүний амьдралд хэт их байр суурь эзэлж,  амьдралыг нь утга учиргүй, тэнцвэргүй болгож, амьдралын чанарт нь нөлөөлдөг. Addiction хэмээн англиар нэрлэдэг бөгөөд донтолтын нэр томъёонууд нь хойноо holic буюу холик гэсэн төгсгөлөөр тодорхойлогддог.

Энгийнээр хэлбэл хувь хүний аливаа үйл ажиллагаа, сонирхол, үйлдэл тэнцвэргүй, балансгүй болж, байх хэвийн хэмжээнээсээ хэт хальсан тохиолдолд донтолт бий болдог. Донтолтыг сэтгэл зүйн эмчилгээ болон эмийн эмчилгээгээр эмчилж байна. Олон төрлийн донтолт байдаг. Хүмүүс аливаа зүйлд донтдог шалтгаан нь хөөрөл авах, сэтгэл зүйн хувьд тайвшрах, стрессээ тайлах, ямар нэг сэтгэл зовоосон зүйлийг мартагнах гэж оролдох зэрэг олон янзын шалтгаан байдаг. Донтолт тухайн үедээ хувь хүнд ямар нэг эвгүй, хүндрэлтэй нөхцөл байдлаас зайлсхийж, таатай байдал бий болгодог ч удаан хугацаандаа хувь хүний амьдралыг сүйрүүлдэг. Тиймээс донтолт нь эрүүл бус хэв шинж юм. Нэгэнт донтсон бол энэ нь тухайн хүний сэтгэлзүй, бие махбодод хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг ба тухайн хүн донтолтоос хамааралтай болсон байдаг тул шууд больж, гарахад хүндрэлтэй байдаг.

Донтолт олон хэлбэртэй. Дараах донтолтууд нийгэмд ажиглагдаж байна гэж сэтгэл судлаачид үзэж байна:

–    Зурагт хэт их үзэх
–    Зорилгогүй интернетээр аялах
–    Чаатлах
–    Архи уух, согтуурах
–    Мөрийтэй тоглох
–    Эрсдэлтэй нөхцөл байдалд өөрийгөө оруулах
–    Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх
–    Компьютер, компьютер тоглоом
–    Секс
–    Тамхи татах
–    Зориулалтын бус химийн бодис хэрэглэх, тухайлбал гутлын цавуу үнэртэх
–    Хайр, дурлал /Тийм ээ, гайхаж байна уу? Хайрыг бас донтолтын нэг хэлбэр гэж сэтгэл судлаачид үздэг/
–    Хэт их дэлгүүр хэсэх /shopaholic/
–    Хэт ажиллах …

Донтолт нарийн түвэгтэй физиологийн болон сэтгэл зүйн үзэгдэл тул түүнээс салж, амьдралаа баланстай болгож, өөрийгөө эрүүлжүүлэхийг хүсвэл мэргэжлийн эмч,  сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

Т.САНАА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж