Тэгвэл Арабын ертөнцийн сор гэгдэж явдаг Дубай хотын “Бурж-Халиф”-ийн цамхаг гэхэд 2010 оны санхүүгийн хямралын өмнөхөн баригдсан байдаг. Мөн 2008 оны санхүүгийн хямралын өмнө Шанхайн 492 метр өндөртэй олон улсын санхүүгийн төвийн тэнгэр баганадсан байшин баригдаж байсан бол 2004 оны Зүүн өмнөд Азийг нэрвэж байсан хямралын жил Тайваньд “Тайбэй” хэмээх 508 метр өндөртэй харш мөн сүндэрлэж байжээ.Эдгээр нь сүүлийн үеийн олонхи хүн мэддэг тохиолдлууд байлаа гэж бодоход энэ бүхнээс хамаагүй олон жилийн өмнөх хямралууд ч мөн өндөр барилгын хувь заяатай холбоотой байдаг байна. Хамгийн анхны тэнгэр баганадсан өндөр байшин болох Equitable life building нь 1873 онд эхлээд таван жил үргэлжилсэн эдийн засгийн эх хямралын өмнөхөн баригдаж дуусч байсан баримт бий.
Гэвч энэ бүх сургамж хангалтгүй байгаа бололтой. “Barclays” банкны гаргасан судалгаанд орчин үеийн тэнгэр баганадагч харшуудын ихэнхийг нь манай өмнөд хөрш Хятадад барьж байгааг онцолсон байна.Түүнээс гадна Энэтхэг улсад нийтдээ олон тооны үлэмж өндөр байшинг барьж эхлээд байгаа юм байна. Barclays банк гаргасан илтгэлдээ эдгээр өндөр барилга байгууламжийг сүндлэрлүүлж буй “давалгаа” нь баялгийн үр ашиггүй зарцуулалтыг л илэрхийлэх бөгөөд эдийн засгийн зайлшгүй хямралын зөн болдог гэсэн байна.
Үнэхээр ингэж өндөр барилгууд хямралыг даллаад байдаг юм уу, эсвэл тохиолдол уу гэж асуувал Barclays банкныхан өөр бусад олон жишээг ч нэмэн дурдаж байгаа аж. Тухайлбал 1974 онд Чикаго хотноо баригдсан “Сирс тауэр”-ийг АНУ-д түймэр мэт ассан нефтийн хямралын жил босгосон байдаг аж. Мөн Малайзад боссон Петронас цамхаг гэхэд 1997 онд буюу Азид гарсан санхүүгийн хүнд хэцүү хямралын жил баригдаж дуусчээ. Сонирхолтой нь Европтоо хамгийн өндөрт тооцогдохоор төлөвлөгдсөн Москва хот дахь Холбооны цамхаг нь тус улсад эхэлсэн эдийн засгийн хямралын улмаас ажил нь зогссон бөгөөд харин одоо дахин баригдаж байгаа гэнэ.Тэгвэл Лондонд баригдаж байгаа 310 метрийн өндөртэй буюу Евро бүсийн орнуудын дотроо хамгийн өндөр байшин болох тэнгэр баганадсан харш удахгүй сүндэрлэх бөгөөд харин “Barclays” банкны баталж байгаа онолоор өндрийнхөө хэрээр урт гэгчийн хямралын “сүүдэр” тусгах вий гэж англичууд болгоомжилж байгаа аж.
Харин манай урд хөрш Хятадын хувьд дэлхий дээр баригдаж байгаа тэнгэр баганадсан байшингуудын тал хувийг босгохоор шамдаж байгаа гэнэ. Энэ их бүтээн байгуулалт 2008 онд гарсан дэлхийн санхүүгийн хямралын дараагаас хүчээ авч эхэлсэн байна.Харамсалтай нь энэ их бүтээн байгуулалт мөн л төдий хэмжээний сүүдэр дагуулах таамгийг гадаадын шинжээчид хэдийнээ дуулгаж эхлээд байгаа юм.Дэлхийн бас нэг том санхүүгийн гигант болох JP Morgan нэг жил юм уу, жил хагасын дараагаас Хятадын томоохон хотууд дахь үл хөдлөх хөрөнгийн зах зээл наад зах нь 20 хувийн уналт амсана гэж “муу амлаж” байна.
Энэ бүхний зэрэгцээ дээрхи Barclays банкны шинжээчдийн томъёолсноор эд баялгаа эмх замбараагүй үрэх үйл ажиллагаа бүр хувь хүний санаа зорилго болж ирсэн аж. Жишээ нь Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани гэгч өөртөө зориулан 27 давхар өндөр харш бариулсан нь одоогоор дэлхийн хамгийн үнэтэй хувийн сууц болж тодорчээ.Энэтхэгийн тэрхүү тэрбумтны сууц нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ сууцны үйлчилгээг хариуцсан нийтдээ 600 ажилтан бүхий том баг ажилладаг аж. Ер нь Энэтхэг улсад 240 метрээс дээш өндөртэй дэлхийн 276 тэнгэр баганадсан байшингийн хоёр нь л байгаа юм байна.Гэхдээ ойрын таван жилийн дотор нэмж таван ийм өндөртэй харш босгохоор төлөвлөж байгаа гэнэ.